Судлаачийн үг: Шинжлэх ухаан бол жирийн хүний ойлгох зүйл биш…

??????????????Шийдлийн Засгийн газраас Шинжлэх ухааны байгууллагуудыг татан буулгаж, Их сургуулиудтай нэгтгэх шийдвэр гаргасныг энэ салбарын эрдэмтэн судлаачид эрс  эсэргүүцэж байгаа. Үүнтэй холбогдуулан Түүхийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор Чулууны Дашдаваагийн Шинжлэх ухааны талаарх өгүүлсөн нийтлэлийг хүргэж байна.  

Миний бичсэн “Шинжлэх ухааныг төрийн мэдэлд шилжүүлье” нэртэй өгүүллийг маань  сонины ажилтнууд “Хүрээлэн, төвийн захирлыг томилохоос өөр ажилгүй ШУА-ийг шинэчлье” гэсэн нэр өгч “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэнээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ. Гэвч шинжлэх ухааны салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлага хурцаар тавигдсан хэвээрээ л байна. Монголын шинжлэх ухаан, урлагийн олон салбарыг төлөөлсөн, ард түмэндээ гүнээ хүндлэгдсэн 131 эрхэм “ШУА-ийг ардчилал, зах зээлийн горимд шилжүүлье” хэмээх уриалгыг гаргасанаас хойш бас нэлээн  хугацаа өнгөрчээ.

 Шинжлэх ухааны академи бол төрийн бус буюу олон нийтийн байгууллага учраас түүнийг эрс шинэчлэх, ардчилал, зах зээлийн горимд шилжүүлэх тухай дээрх 131 эрхмийн шаардлагыг хүлээж авах эсэх нь академиийн гишүүдийн өөрсдийнх нь шийдэх асуудал,  хэрэв хүлээж авахгүй гэвэл 131 хүн байтугай 1031 хүн ч уриалаад, хашгираад тус болохгүй гэж би дээрх өгүүлэлдээ онцлон тэмдэглэсэн юм. Үнэхээр нэмэр болсонгүй. Академийн гишүүд  тэр уриалгыг огт тоосонгүй, ямар ч хариу өгсөнгүй, гал гаргадаг хэмээх бүсгүйг дээдэлдэг байсан Академид ч ямар нэг өөрчлөлт гарсангүй. Бүх юм хуучнаараа байгаа ажээ.

ШУА-ийг үгүй болгох тухай 131 эрхэмийн дэвшүүлсэн саналаас тэс өөр бодолтой байгаагаа би аль эрт илэрхийлсэн, ШУА төрийн ивээлд цаашдаа ч хэвээрээ байг, улс орон эдийн засгийн хувьд боломжтой аваас академийн гишүүдэд  хагас сая төгрөг бус харин  саяас дээш төгрөг олгодог болог, Монголын шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан тэдгээр хүмүүст төрөөс олгох тэтгэмж туслалцааг өргөжүүлэг, тэгэхдээ академи нь төрийн бус байгууллага хэмээх хуулиар тогтоосон эрх зүйн байдлаа дагаж мөрддөг байг гэсэн л байр сууриа баримталсан хэвээр байгаа.

Монголын Академи үүсэхээсээ Оросын ШУА-ийг бүх талаар дуурайж ирсэн байгууллага. Гэвч Оросын Академид гарч буй сайн  зүйлийг тусгаж авдаг сайхан уламжлал сүүлийн 20 гаруй жилд  тасарч алга болжээ. Энэ бол  ёстой харамсмаар зүйл мөн. Өнөөдөр Оросын Академийг шинэчлэхэд чиглэгдсэн бодлогыг Засгийн газар нь дэвшүүлэн гаргаж, түүнийг нь ОХУ-ын ерөнхийлөгч, Төрийн дум нь дэмжиж, тусгай хууль баталсан, оросын эрдэмтэд, судлаачид дээрх бодлогыг  хэрэгжүүлэх ажилд орсон зэрэг халуун үйл явдлууд өнгөрсөн хавраас эхлээд л зунжин, намаржингаа Орос оронд өрнөсөнийг манай Монголын Академи ерөөс дуулаагүй, мэдээгүй дүр гарган дүлий дүмбэ хандсаар, үүнийг монголчууд мэдчих вий гэсэн байдалтай өнгөрөөлөө. Шинжлэх ухааны үр өгөөжийг дээшлүүлэх, зохион байгуулалтын зохистой бүтцийг бий болгох гэх мэт Монголын шинжлэх ухааны байгууллагуудын өмнө тулгараад байгаа яаралтай шийдвэрлэвэл зохих олон асуудлыг хөндсөн хурал ярилцлага зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэлцүүлэг явуулах зэрэг ажлыг Монголын Академи санаачилж хийсэнгүй.

Харин Боловсрол, шинжлэх ухааны яамнаас  “Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогын шинэчлэл” сэдэвт үндэсний чуулганыг өнгөрсөн намар санаачилж зохион байгуулсан  нь энэ яам Монголын шинжлэх ухааныг өөд нь татах  чин эрмэлзлэл өвөрлөж  байгааг яруу тод илэрхийлэн харууллаа. Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн бодлого, стратегийн талаар олуулаа хэлэлцэн ярилцах зорилгоор энэ чуулганыг зохион байгуулсаныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр үндэсний чуулганд тавьсан илтгэлдээ онцлон тэмдэглэсэн. Хуучин боловсрол, соёл, шинжлэх ухааныг бүхэлд нь хариуцдаг байх үедээ үйл ажиллагаа нь боловсролын салбараас цааш хэтэрдэггүй байсан дутагдлыг  арилгаж, шинжлэх ухаанд анхаарал тавьж эхэлсэн нь энэ яамны ажилд гарсан нэн чухал ахиц яах аргагүй мөн. Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтыг Засгийн газраар батлуулж, тэдгээрийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө, хүчийг төвлөрүүлэх, судлаачдын бүтээсэн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор инновацийн төслийг хэрэгжүүлэх эхлэлийг тавих, суурь судалгааны өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулахгүй байх, их сургуулиудын бие даасан байдлыг бэхжүүлж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах бодлого баримталж ажиллахын хамт УИХ-д өргөн барих “Шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар төрөөс баримтлах бодлого” баримт бичгийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах болон  шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаа, санхүүжилт, зохион байгуулалтыг сайжруулах асуудлаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгүүдүүдийг байгуулан ажиллуулсан байна.  Энэ бүхэн нь сүүлийн олон жилийн туршид шинжлэх ухааны салбарт хийгдээгүй ажлууд болно. Хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай  шинэчлэлийн эх үндсийг чухамхүү одоогийн Засгийн газар, түүний залуу сайд Л.Гантөмөр өнгөрсөн нэг жил гаруйхан хугацаанд тавьж чадлаа гэж хэлж болохоор байна.

Шинжлэх ухаан гэдэг бол жирийн хүн байтугай УИХ, Засгийн газрын гишүүн хүн ч ойлгохгүй нарийн төвөгтэй зүйл хэмээн ШУА-иас олон жилийн турш өөгшүүлэн дэврээж ирсэн  үхширмэл ойлголтыг халахаар зориглосон  ганц ч сайд Л.Гантөмөрөөс өмнө гараагүй юм.  Шинжлэх ухаанч хандлагатай зөв монгол хүнийг төлөвшүүлэх, өөрт тулгарсан асуудлаа шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэж чаддаг иргэнийг төлөвшүүлэх явдал юу юунаас илүү чухал зорилтын нэг болоод байна гэж Л.Гантөмөр сайд үндэсний чуулганд тавьсан илтгэлдээ цохон тэмдэглэсэнийг бүх талаар дэмжвэл зохино.

 Шинээр байгуулагдсан Засгийн газар болгон шинжлэх салбарт ямар нэг өөрчлөлт хийхийг эрмэлзсээр иржээ. Гэвч тэрхүү эрмэлзлэлийг  таслан зогсоохын тулд академийн гишүүдээ гүйлгэдэг, тэр гишүүд нь үхлээ, хатлаа хэмээн орилолдож хүн амьтныг айлгадаг, үүнээс болоод  шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийхээс төвөгшөөдөг явдал манайд урхагшаад 20 гаруй жил болж байна.  Дээрх салбарт хийх шинэчлэлийг эхлүүлэх,  юуны өмнө үндэсний чуулганыг зохион байгуулах ажлыг яамны шинжлэх ухааны асуудал хариуцсан цөөн тооны мэргэжилтэн, залуучууд нуруундаа үүрч гарав.

Харамсалтай нь ШУА, түүний гишүүд үнддэсний чуулганы үйл ажиллагаанд ажил хэрэгч тусламж үзүүлсэнгүй. Ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч хоёрын хамтран бэлтгэж хэлэлцүүлсэн илтгэлийн зах зухтай танилцахад л ийм дүгнэлтийг шууд хийж болно. Илтгэлийг сонсож суухад АНУ-д ийм байдаг, баруун Европт тийм байдаг гэсэн зүйлийг ихэвчлэн яриад шинжлэх ухааны шинэ мэдлэг гэдэг нь манайд чухам юуг хэлж байна, шинэ мэдлэгийн баялаг болгох зорилтыг Монголд ямар арга замаар хэрэгжүүлэх юм гэх мэт тулгамдсан  асуудлыг хөндөлгүй тойроод гаргачихлаа гэсэн сэтгэгдэл төрсөн. Шинжлэх ухааны үр дүн хэдэн зуун жилийн дараа хэрэглээ болдог явдал ч байдаг гэдгийг нэр хүндтэй эрдэмтний  үгийг иш татах замаар онцолж хэлэх гээд ч  байгаа юм шиг. Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай өнөөх л улиг болсон зүйлийг ярьж цагаа гарздаж байхын оронд бүтэц, зохион байгуулалтаа зөв тогтоох асуудалд  анхаарал хандуулсан бол дээр  байж дээ гэсэн бодол эрхгүй төрж байна лээ.  Өөр нэг дэд ерөнхийлөгч нь шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт сэдэвт хуралдаанд тавьсан илтгэлдээ: “шинжлэх ухаан, технологийн санхүүгийн менежментийн үндсэн асуудал онол, арга зүйн хувьд хөндөгдөөгүй явж ирсэн” хэмээх сул талаа шууд хүлээн зөвшөөрч байна лээ. Зах зээлийн харилцаанд шилжээд 20 гаруй жил болж байгаа энэ үед шинжлэх ухааны менежмент ийм түвшинд оршиж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Байдал нэгэнт ийм байгаа болохоор  судалгаа, шинжилгээний  байгууллагын үйл ажиллагааг шаардлагын түвшинд хүргэх талаар ШУА олигтой ажил зохиож ирээгүйн учир шалтгаан ойлгомжтой бөгөөд өрсөлдөх чадварын хувьд Монгол улсын эрдэм шинжилгээний байгууллагын чанар дэлхийн улс орнуудын дотор сүүлчийн байранд дэвхэцсэн хэвээр үлдсэн  нь гайхах зүйл биш болох нь тодорхой. Илтгэлийн төлөвлөгөөг буюу ийм чиглэлээр ярина, тийм асуудал хөндөнө гэсэн зүйлийг бус харин  хураангуйг чуулганы эмхэтгэлд нийтлүүлсэн  бол ажил хэрэгт их тус болох байлаа.

Шинжлэх ухааны паркийг бий болгох, гарааны компаниудыг байгуулах асуудлаар гадаадын болон манай эрдэмтдийн тавьсан илтгэл харин их сонирхолтой байлаа. Ялангуяа Time группийн ерөнхийлөгч хатагтай Ван Шаоланы илтгэл шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх болон гарааны компани байгуулахын ач холбогдлыг Lenovo зэрэг нэрд гарсан аж ахуйн олон байгууллагын жишээн дээр нүдэнд харагдтал ярьсан. Монголын шинжлэх ухааны байгууллагуудын удирдах ажилтнууд энэ хатагтайгаар ганц хоёр хоног хичээл заалгасан бол нүд нь нээгдэх байж дээ гэж бодогдсон.

Үндэсний чуулган дээр Монгол улсын Ерөнхий сайдын хэлсэн үгийн ач холбогдлыг зохих ёсоор анхаарах ёстой. Ийм илэн далангүй мөртлөө шинжлэх ухааны гол зорилтыг тодорхойлсон үзэл санааг өмнөх үеийн ямар ч Ерөнхий сайд гаргаагүй байх. Шинжлэх ухааны потенциалыг хааш нь чиглүүлэх юм, яаж ашиглах юм гэдгийг одоо хүртэл шийдэж чадаагүй, аймагт ямар хэмжээний ДЦС байх ёстойг манай шинжлэх ухаан хэлж өгч чадахгүй байна, нар, усны энергээр ажилладаг  цахилгаан станц ашиглах гэсэн боловч  олон тэрбум төгрөгийг салхинд хийсгэчихлээ гэх зэрэг түмэн зовлон тууулж  байгаагаа дурдаад  хот хөдөөд олон зуун тэрбум төгрөгөөр засмал зам барьж буй өнөө үед Монголын хүйтэн ширүүн нөхцөлд тохирсон, барагтай бол эвдэрдэггүй, хоорондоо сайн барьцалддаг тийм зуурмагийг эрдэмтэд та бүхэн минь хийгээд өгөөч гэж гуйж байна лээ. Ерөнхий сайдын хэлсэн эдгээр зүйлийг үг үсгээр нь бус харин үзэл санааг нь тунгааж авбал шинжлэх ухааны хөгжилд их хэрэгтэй.

Монголын шинжлэх ухаан  дорой буурай байгаа, судалгааны ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх ажил сул явж ирсэний  гол шалтгаан нь шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт үндсээрээ буруу байгаад л оршино. Шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухааны академи гэсэн ойлголтууд  хоорондоо эрс тэс ялгаатай гэдгийг анзаардаггүй учраас үе үеийн төр засаг ШУА-д “гар хүрч” чадалгүй явж иржээ. Шинжлэх ухаан гэдэг бол барагтай хүн ойлгох зүйл биш хэмээн эндүүрдэг, иймээс ч манай дарга нар үйл ажлаа шинжлэх ухаанд түшиглэн явуулдаггүй, өөрийн санасан бодсоныхоо дагуу л улс орныг удирддаг болохоор шинжлэх ухааныг ерөөс үгүйлдэггүй, үүнээс болоод шинжлэх ухааны салбарт шинэчлэл өөрчлөлт хийгдэлгүй явсаар өнөөг хүрсэн байна.

ШУА-ийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалтыг цөөн хүний эрх ашгийн үүднээс санаатайгаар өрөөсгөлөөр тайлбарлаж, амьдралд хэрэгжүүлэхгүй олон жил болсноос ШУА-ийн тухай буруу ойлголт өргөн тархжээ. Социализмын үед ШУА Засгийн газрын бүрэлдэхүүний байгууллага байсан бол дээрх хууль гарснаас хойш ШУА төрийн бус байгууллага болсон юм. Ийм учраас дээрх хуульд “ШУА төрийн ивээлд байна”, “Академи нь гишүүдээсээ бүрдэнэ” гээд тов тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, ШУА нь гишүүдээсээ бүрддэг Монголын зохиолчдын хороо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо гэх мэт олон нийтийн байгууллагуудтай адилхан төрийн бус байгууллага бөгөөд төрийн төрийн ивээлд байна хэмээн хуульчилснаараа тэднээс давуу талтай юм. Тэр давуу тал нь улсын төсвөөс тодорхой хэмжээний санхүүжилт авдаг,  жил ирэх тусам томорч данхайдаг тэргүүлэгчдийн газрынхаа  урсгал зардал хэмээн улсаас олон тэрбум төгрөг цохиж байдаг зэргээр юуны өмнө тодорхойлогдоно. Монгол улсын олон нийтийн ямарч байгууллага ийм хангамж эдэлдэггүй. Үүнээс гадна эрх шилжүүлэх нэрээр төрийн байгууллагын гүйцэтгэх ёстой олон эрх үүргийг ШУА өөртөө авсаныг, хамгийн гол нь тэдгээрийг  амьдралд хэрэгжүүлж чаддаггүйг анзаардаг газар байхгүй болсон нь харамсалтай хэрэг.

Ийм учраас Үндэсний чуулганаар онцгой анхаарал хандуулж хэлэлцэх ёстой байсан сэдэв нь шинжлэх ухааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг үндсээр нь өөрчлөх тухай асуудал байх ёстой байсан санагдана. Тэгсэн аваас чуулганы үйл ажиллагаа нэн сонирхолтой, үр ашигтай болох байв. Гэтэл энэ асуудлыг явцуу ашиг сонирхолын үүднээс саармагжуулаад хаячих шиг боллоо. Шинжлэх ухаан, технологийн бодлогын шинэчлэлийн 4 зорилтыг Монголд хэрхэн хэрэгжүүлэх талаар Үндэсний чуулганд доктор Ц.Дэмбэрэлийн илтгэлд дэвшүүлсэн санааг тойруулж санал бодлоо солилцсон аваас ажил үйлс ихээхэн үр дүнд хүрэх байв. Шинжлэх ухааны судалгааны хууль зүйн үндсийг шинэчлэх, санхүүжилтийн зарчмуудыг өөрчлөх зорилтыг Монгол улсад хэрэгжүүлсэн гэж Ц.Дэмбэрэл бичсэн байна.  Гэвч дээрх хоёр зорилтыг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлсэн гэж үзэж болохгүй. Дутуу бодсон, гажуу шийдвэрлэсэн зүйлүүд нэлээд байдаг учраас засвар өөрчлөлт хийх шаардлагатай. Харин байгууллагын бүтцийг шинэчлэх зорилтын гол агуулга нь ШУА-ийн бүтцийг боловсронгуй болгож зах зээлийн горимд шилжүүлэхэд орших тухай түүний саналыг олуулаа олон талаас нь шүүн хэлэлцэж Академийнхны даралт шахалтыг даван туулж чадсан бол тодорхой үр дүнд хүрэх байв.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд бол засгийн газрын шийдвэрээр байгуудагддаг төрийн өмчийн байгууллага мөн. Хүрээлэн, төвүүдийг ШУА-иас санхүүжүүлдэггүй. Хүрээлэн, төвийн захирлыг томилохоос өөр тодорхой ажлыг ШУА-ийн удирдлага, түүний аппарат хийх чадваргүй, тийм боломж ч байхгүй. Шинжлэх ухааны тодорхой салбарыг хөгжүүлэх бодлого боловсруулах, энэ үндсэн дээр  шинжлэх ухааны хөгжлийг эрчимжүүлэх, судлаачдыг бэлтгэх, чадавхийг нь сайжруулах, эрдэм шинжилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх зэргээр нүдэнд харагдахуйц, ажилд тус болохуйц  үр дүнтэй ажлыг ШУАиас зохион байгуулж байсныг хүрээлэнгийн захирлаар олон жил ажилласан миний бие үнэхээр мэдэхгүй. Эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтийн ажил, бүтээлийг бодитой үнэлдэггүй, харин ч гүтгэж үгүйсгэдэг академийн гишүүд цөөнгүй.

Боловсролын хөгжлийн асуудлыг Багш нарын холбоонд, соёл, урлагийн хөгжлийн асуудлыг уран бүтээлчдийн эвлэл нийгэмлэгт даатгадаггүйн адил шинжлэх ухааны хөгжлийн асуудлыг төрийн бус байгууллагад шилжүүлсэн буруу практикийг таслан зогсоох ёстой. Энэ талаар Ардчилсан намын Засгийн газраас 1997 онд гаргасан алдаатай шийдвэрийг цуцалж, төрийн өмчийн эрдэм шинжилгээний бүх хүрээлэн, төвийг Боловсрол шинжлэх ухааны яамны харьяанд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэвэл бүх юм өөрийнхөө байр суурийг амархан олно. Шинжлэх ухааны хөгжлийн бүхий л асуудлыг жинхэнэ эзэн байдлаар хариуцан ажиллах нь Боловсрол, шинжлэх ухааны яамны үндсэн үүрэг мөн. Үүнд эргэлзэж тээнэгэлзэх ямар ч зүйл байх ёсгүй. Эрдэм шинжилгээний байгууллагуудыг өөрийн мэдэлд шууд авчихвал шинжлэх ухааны байгууллагуудыг удирдах ажил олон жилийн турш урсгал шинжтэй явж ирснийг амархан эцэс болгоно. Хүрээлэн, төвийн ажлын зах зухтай танилцахад л шинжлэх ухааны менежмент ямар доогуур түвшинд орсныг, хийх ажил ямар их байгааг түвэггүй мэдэж болно. Шинжлэх ухааны хөгжлийн талаарх бодлого чиглэл, төлөвлөлтийг улс орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, суурь болон хавсрага судалгааны зохистой харьцааг тогтоох, судалгааны ажлын үр өгөөжийг эрс дээшлүүлэх талаар нөр их ажил өрнүүлэх шаардлагатайг яам нь, түүний сайд нь олж харсан явдал тун ч сайшаалтай хэрэг мөн. Эрдэм шинжилгээний байгууллагуудыг төр өөрийн мэдэлд авснаар судлаач эрдэмтдийг бэлтгэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, мэргэшлийг дээшлүүлэх, бүтээл туурвилын эрх чөлөөг хангах ажилд эргэлт гаргана гэдгийг  давтан хэлэхийг хүсч байна.

Шинжлэх ухаан, инновацийг хөгжүүлэхэд боловсон хүчний асуудал асар чухал холбогдолтойг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байгаа нь сайн хэрэг. Монголын академийн тэргүүн, түүний нэгдүгээр орлогч дарга хоёр хүртэл “аливаа шинжлэх ухааныг хүн хийдэг, эрдэм шинжилгээний алтан фондгүйгээр өндөр технологийг нэвтрүүлэх тухай ярих нь учир дутагдалтай” гэсэн нь нэг их шинэ дүгнэлт биш боловч аргагүй л анхаарвал зохих зүйлийн нэг мөн. Гадаад орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, лаборторид ажиллах, хурал зөвлөлгөөн, симпозиумд оролцох, гадаадын мэргэжил нэгт эрдэмтэдтэй санаа бодлоо чөлөөтэй солилцох тийм боломжийг юуны өмнө жинхэнэ эрдэмтэн, мэргэшсэн судлаачдын өмнө цэлийтэл нээж өгөх, шинжлэх ухааны салбар дахь харилцаанд ардчилсан ёсыг нэвтрүүлэх, эрдэмтэн хүний ёс зүйг чанд баримтлах явдал бас л дутагдалтай хэвээр байна. Тэрч байтугай  ШУА-д жижиг феодалууд өсөн үржиж, шинжлэх ухааны шинэ мэдлэгийг бий болгогч гол хүчин болсон эрдэм шинжилгээний ажилтнуудыг дарамтлагчид, дарангуйлагчид болцгоож  байгаа нь  шинжлэх ухааны хөгжилд хэрэг дээрээ жинхэнэ чөдөр тушаа болж байна. Ийм шудрага бус байдлыг өнөөгийн ШУА давж туулж чадахгүй, хээл хахууль, мөнгө төгрөг, танил талаараа холбоотой учраас хэрэгжүүлж ч барахгүй, харин Боловсрол, шинжлэх ухааны яам төрийн захиргааны төв байгууллагын хувьд түүнийг таслан зогсоож, асуудлыг зөв гольдралд оруулж чадна, тэгэх ч ёстой.

Ийнхүү шинжлэх ухааны боловсон хүчнийг сургах, бэлтгэх асуудал бол нэн өргөн хүрээтэй, тун олон зүйлийг ярих, хэлэлцэх шаардлагатай авч эрдмийн зэрэгтэй боловсон хүчний талаарх асуудлыг  хөндсөнөөр асуудлыг хязгаарлая. Боловсролын доктор, шинжлэх ухааны докторын гэсэн эрдмийн зэргийн хоёр шатлалыг хэвээр байлгаж, түүнийг хуулиар баталгаажуулбал шинжлэх ухааны хөгжилд их тус үзүүлнэ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах эрмэлзлэл тэмүүллийг өрнүүлбэл бүтээлийн чанарын түвшин эрс дээшилж, олон жил чимээ аниргүй байсан шинжлэх ухаан бүхэлдээ эрчимтэй хөдөлгөөнд орно гэдгийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад олон жил ажилласан хүний хувьд баталгаатай хэлж чадах бөлгөө. Харамсалтай нь өнөөгийн ШУА шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг  эрмэлзэхгүй байгаа төдийгүй,  харин ч тээг саад хийж байгаа мэт санагдана. Заавал хоёроос доошгүй боловсролын докторантын ажлыг удирдаж хамгаалуулсан хүн л шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж болох мэтээр академаас санаачилж батлуулсан дүрэмд заажээ. Үүнээс болоод боловсролын олон доктор  шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж чадахгүйд хүрч байна. Боловсролын докторын зэргийг хамгаалсанаас хойш  ганц сарын дараа шинжлэх ухааны шинэ нээлт хийж, шинжлэх ухааны цоо шинэ мэдлэгийг буй болгосон хүн ч шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж болохгүй  ажээ. Ийм шаардлагыг профессор цол хүртэхийг хүсэгчдэд тавьсан аваас нүдээ олох байлаа. Монгол тулгатны зуун эрхэмийн нэг хөгжмийн алдарт зохиолч С.Жанцанноров, гайхамшигт яруу найрагч Б.Лхагвасүрэн нарын хэлсэнчлэн тэр нь сайн, тэр нь муу хэмээн өнөөдөр юмаа ерөөс ялгахаа больчихсон гэдэг үг туйлын үнэн бөгөөд манай шинжлэх ухааны салбарт дэндүү таарсан үг болсон байна.

Шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн хөөрхий муу шинжлэх ухааны докторуудад төрөөс үзүүлдэг ганц дэмжлэг нь улсын хоёрдугаар эмнэлэгээр гэрийтэй нь хамт үйлчилдэг байсан явдал юм. Тэрхүү ганц зүйлийг нь ч цуцлаад хүчингүй болгочихож. Яагаад ингэв гэхээр танай академи татгалзаагүй шүү дээ гэсэн хариу өгдөг  гэнэ. Манай шинжлэх ухаан ийм л болчихож, яалтай ч билээ гэсэн энэ мөрүүдийг үндэсний чуулганы дараа халуун намраар тэрлэсэн авч түүнийг дахин эргэж харах зав гарахгүй байсаар өвөлтэй золгосон бөгөөд харин Бээжинд болсон эрдэмтдийн уулзалтын дараа  ганц хоёр хоног амрах завшаан тохиож энэхүү өгүүллээ дуусгасан болой.

Ч.Дашдаваа  /Sc.D/

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …