Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам,Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол”төсөл амжилттай хэрэгжиж байна. Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги нийт 46 оюутантайгаар хичээллэж байна.
Энэ удаад инженерийн чиглэлийн (1)магистр, доктор, зэргийн бус сургалтаар Япон Улсын их дээд сургуульд суралцах 7 багш, судлаачид,(2) Коосэн сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн Коосэн сургуульд шууд элсэн суралцах 6 оюутан нийт 13 оюутан, багш нарБСШУ-ны Сайд Л.Гантөмөрөөс батламж гардан авлаа.
Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах нийт 7 багш, судлаачдыг Японы талын хүлээн авах их, дээд сургуулиуд болон ЖАЙКА байгууллагаас тавьсан шаардлага, МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, Япон Англи хэлний мэдлэгийг харгалзансонгон шалгаруулсан.
БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/466 тоот тушаалаар нэр бүхий 7 хүнийг Япон Улсын их сургуульд магистр, доктор, зэргийн бус сургалтад суралцуулахаар батлав. Үүнд,
- Даваажавын Нарантогтох: 1997 онд ХААИС-ийг Бараа судлаачийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн дээд сургуульд техникийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ ШУТИС-ийн Үйлдвэр, технологийн сургуулийн дизайны тэнхимд багшилж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Киотогийн технологийн их сургуульд зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр “Дэвшилтэт материалын судалгаа, нэхмэл ба ноолууран түүхий эдийн био-инженерчлэлийн судалгаа” сэдвээр судалгаа хийх бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн энэ сэдвээрээ докторын сургалтын хөтөлбөрт 3 жил суралцана
- Орхоны Банзрагчгарав:2011 онд МУИС-ийг Биотехнологич мэргэжлээр төгсөж, 2014 онд МУИС-ийн Молекул биологи, генетикийн магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр Тоохокүгийн эм зүйн их сургуульд “Залесовын зэдгэлжийн фитохимийн болон биологийн судалгаа” сэдвээр судалгаа хийх бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас эхлэн докторийн сургалтын хөтөлбөрт 3 жил суралцана.
- Мөнхбатын Долгормаа: 2013 онд МУИС-ийг Хүрээлэн буй орчны химич мэргэжлээр төгсөж, МУИС-д эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 4 дүгээр сар хүртэл зэргийн бус сургалтын хөтөлбөрт хамрагдах бөгөөд 2015 оны 4 дүгээр сараас Миязакигийн их сургуульд “Дэвшилтэт материалын судалгаа, хүрээлэн буй орчны инженерчлэл” сэдвээр магистрын сургалтын хөтөлбөрт 2 жил суралцана.
- Нямсүрэнгийн Гомбосүрэн: 1994 онд ШУТИС-ийг Авто ашиглалт, авто механикч мэргэжлээр төгсөж, 2009 онд Японы Рицүмэйкан Их Сургуулийн магистрын зэрэг хамгаалсан. Эдүгээ ШУТИС-ийн Механик, тээврийн сургуульд ахлах багшаар ажиллаж байна. 2015 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл Рицүмэйкан их сургуульд “Бензинт хөдөлгүүрийн сольдог урьдавч шатах хорго” сэдвээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт 8 сарын хугацаанд суралцана.
- Дамдинсүрэнгийн Нарантуяа: 1991 онд МУИС-ийг Биологич мэргэжлээр төгссөн бөгөөд 1999 онд МУИС-д Микробиологийн магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос МУИС-д багшилж байна. 2015 оны 4 дүгээр сараас 2015 оны 5 дугаар сар хүртэл Эхимэгийн их сургуульд “Микробиологи”-ийн чиглэлээр зэргийн бус сургалтын хөтөлбөрт 1 сар суралцана.
- Отгонбаярын Энхцолмон: 2003 онд ШУТИС-ийг Гео-Экологийн мэргэжлээр төгссөн бөгөөд 2013 онд Китакюшюгийн их сургуульд байгаль орчны менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2013 оноос Китакюшюгийн их сургуулийн докторантурт суралцаж байна. 2015 оны 4 дүгээр сараас эхлэн “Дулаан идэвхжүүлсэн хагас дамжуулагчаар дэгдэмхий органик нэгдэл болон нарийн ширхэглэлт тоосонцорыг арилгах нь” сэдвээр докторын сургалтын хөтөлбөрт 1 жил суралцана.
- Пүрэвсүрэнгийн Нэмэхбаяр: 2014 онд ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийг Геологич мэргэжлээр төгсөж, 2014 оны намраас эхлэн Нагояагийн их сургуульд судлаач оюутнаар суралцаж байна. 2015 оны 4 дүгээр сараас эхлэн уг сургуульдаа “Магмын чулуулгийн геохими” чиглэлээр магистрийн сургалтын хөтөлбөрт 2 жил суралцах юм.