Хошин урлагийн мастеруудын тоонд зүй ёсоор ордог жүжигчин Д.Хүрэлхүү сүүлийн үед хошин урлаг гэхээсээ илүүтэй кино урлагт хүч үзэх болсон. Тэрбээр “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз”, “Тагнуулч аав” гээд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг ихэд татсан хэд хэдэн киног хийсэн. Хамгийн сүүлд “Тагнуулч аав” кинонд өөрийн том охиныг тоглуулж байсан бол ээлжит уран бүтээлдээ хүргэнээ тоглуулж байгаа гэнэ.
Энэ нь түүний үзэгчдийг татах нэг талын менежмент ч гэж хэлж болохоор. Түүний том охин Намуун “Тагнуулч аав” кинонд шаггүй тоглож, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Харин Намууны нөхөр, “Mixx” хамтлагийн дуучин Гүнчээ өмнө нь “Фэйсбүүк од” кинонд тоглож байсан бөгөөд урлагийн хүн гэсэндээ камерийн өмнө яаж тоглохоо мэддэг туршлагатай нэгэн гэж хэлж болно.
Тиймээс жүжигчин Хүрлээ одоо хийж байгаа инээдмийн кинондоо хүргэн хүүгээ гол дүрээр сонгожээ. Мөн түүнээс гадна “Киви” хамтлагийн дуучин Намуун, “Гурван охин” хамтлагийн дуучин Соло нар тоглож байгаа юм байна. Сонирхуулахад Гүнчээ, Соло нар дурлалт хосын дүрийг бүтээж байгаа гэнэ шүү.