Францын долоо хоног тутмын Charlie Hebdo сэтгүүлийн редакц руу дайралт хийсэн гэмт этгээдүүдийг баривчилсан талаар Liberation сонинд мэдээлжээ.
Эдгээр гэмт хэрэгтнүүд нь ах дүү Шариф, Саид Куаши нар болон Хамид Мурад гэх этгээд байсан аж. Тэд бүгд алжир гаралтай франц иргэд бөгөөд Сирид лалынхны талд тулалдаж байжээ. Одоогоор сонины мэдээнээс өөр энэ талаар албан ёсны мэдээлэл өгөгдөөгүй байгаа юм байна.
Харин Францын Дотоод явдлын яамны зүгээс террористуудыг баривчилсан мэдээллийг батлаагүй бөгөөд эдгээр гурван гэмт хэрэгтэн өмнө нь францын цагдаагийнхны танил байсан гэжээ.
“Сэжиглэгдэж буй гурван этгээд нь 2003-2005 онд жихадын сайн дурын сүлжээнд оролцогсодтой холбоотой байсан бөгөөд 2010 онд шоронд хоригдож байсан бүлэг террористуудыг суллах зорилготой зохион байгуулалттай гэмт ажиллагаанд сэжиглэгдэж байсан” хэмээн шинжээч өгүүлсэн байна.
Өчигдөр Францад болсон террорист халдлагын талаар дэлхий даяар шуугиж байгаа бөгөөд терроризмын эсрэг тэмцэлд хүч чадлаа нэгдэн оролцох нь нэн тэргүүний чухал зүйл болоод байна хэмээн дэлхийн удирдагчид үзэж байгаа билээ.
Парисын прокурор Франсуа Молены мэдээлснээр, гэмт этгээдүүд гурван давхар руу өгсөж гарангуутаа редакцийн зөвлөлийн хуралдаан болж байсан танхимд орон, автомат буугаар галлан, 12 хүнийг хөнөөн, 10 хүнийг шархдуулсан аж. Уг гэмт хэргийг нүдээр үзсэн гэрчүүдийн өгүүлж буйгаар, террористууд “Аллах Акбар” хэмээх уриаг чангаар орилон, тэдний шүтээнийг доромжилсны төлөө өшөө авахаар ирсэн гэж мэдэгдсэн байна.
Зарим эх сурвалжид бичсэнээр, халдлагад өртсөн францын энэхүү сэтгүүлд “Исламын улс” бүлэглэлийн удирдагчийн талаар шог зураг саяхан нийтлэгдсэн бололтой.