Оросын монголч эрдэмтэн Владимирцов Монголын судар бичгийн хүрээлэнд монгол хэлээр бичиж ирүүлсэн захидлыг та бүхэндээ хүргэе.
Өчүүхэн Владимирцовоос,
Их Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн сайдууд танаа амрыг эрхийн ялдраа мэдүүлэх нь, шадраас сонсвоос мөнөөхөн эрхэм бичгийн хүрээлэнгийн сайдууд мэргэн санаа гаргаж олны соёл боловсролыг бодож хичээж байсаар монгол үсгийн Данжуурыг олвой гэж хэлснийг сонсч өчүүхэн би эндээс эрхэм сайдууд танаа баяр мэдүүлж ёсолмой. Бас энэ газарт сая хэвлүүлсэн ном бичгийн зүйлээс бага сага хийгээд миний өөрийн болхи дэгтэр*-үүдийг хүргүүлснийг хүлээн авч сонирхох ажааму хэмээхээс гадна, жич эрхэм сайдууд найрамдлын ёсоор үүнээс хойш Их Монгол газраа хэвлэн гаргасан ном бичгүүдийг хүргүүлж хайрлахыг гуйж үүний тул өчүүхэн би ёсолвой.
Июль сарын хорин гуравнаа.
Монгол улсын Үндэсний төв архив, Ф-23, д-1, хн-49, х.13 хэмээсэн энэ захидлыг бодоход О.Жамьян гүнтэн Бээжингээс Данжуур номыг залж ирсний дараахан 1925 онд бичиж илгээсэн бололтой.
/*дэгтэр – баруун монгол ойрад ялангуяа Ижил мөрний торгууд, дөрвөдийн аялгуунд дегтр хэмээх нь номыг хэлж буй. Одоогийн хальмагууд хэвлэлийн газрыг дегтр hарhач гэдэг. Владимирцов гуай анхан ойрадын дөрвөд, баяд нарын аман аялгууг судалж явсан түүх нь түүний энэ захидлыг үзэхэд мэдэгднэм/