Ч.Бат-Оргилын эдгэрнэ гэдэгтээ итгэлтэй байгаа нь “Зүрх зүрхнийхээ төлөө” аяны маань зорилго биелсэнтэй адил санагдав

32_a400a30d3001ea58fc3bd4aebf0fe15dba539736Гэр бүлээ авч явахын тулд ажлаа хийж яваад цементэд даруулж, бэртсэн залуугийн тухай мэдээллийг манай “Undesten.mn” сайт мэдээллэж, сайхан сэтгэлт олон хүмүүсийн ачаар тэр мэдээлэл даруй олны хүртээл болж, улмаар “Зүрх зүрхнийхээ төлөө” аян болж өргөжсөн билээ. Ингэснээр бид Ч.Бат-Оргилын нэр дээр хандивын данс нээж, түүнд туслах чин хүсэлтэй хүмүүсийн хандивыг цуглуулан, түүний эмчилгээнд зориулан зарцуулахаар болсон.

 Харин эхний мэдээлэл гарсан өдрөөс гурав хоногийн дараа буюу өнгөрсөн баасан гарагийн шөнө манай хамт олон түүний ар гэрийнхэн, хэвтэн эмчлүүлж буй эмч эмнэлгийн ажилтнууд, сум орон нутгийн удирдлагууд, тухайн үед талбай дээр нь ажиллаж байсан гэх “Э-Транс ложистикс” компанийнхантай уулзах, хамгийн гол нь Ч.Бат-Оргилын биеийн байдал ямар байна, цаашид ямар эмчилгээ, сувилгаа шаардлагатай вэ гэдгийг олж мэдэхийн тулд Замын-Үүд сумыг зорьсон юм. 

700 КМ-ИЙН ТУРШ 7 ЦАГ ДОГДОЛСОН СЭТГЭЛ 

 Бид эндээс хөдлөхдөө өдөр бүр мессэж бичиж байсан хүмүүс, залгаад “Данс руу мөнгө хийчихлээ. Миний дүү энэ залуу үхчихгүй биз дээ” гээд нулимсаа барьж дийлэхгүй байсан ээжүүд, “Эгчид нь ийм шарханд наадаг 2 ширхэг наалт байна яаж өгөх вэ” гэж сандарсан бүсгүй, “Бид өнөөдөр мэдээлэл олж уншаад хандив цуглуулсан юм. Тэгээд манай оюутнууд сэтгэлийн үгээ бичиж ханын сонин хийлээ. Хэрвээ том машин байгаа бол би ангийнхаа хүүхдүүдийг аваад хамт явья. Гэр орных нь ажилд тусалья. Мөн Ч.Бат-Оргил эдгээд босоод ирвэл манай сургууль үнэ төлбөргүй дөрвөн жил сургахад бэлэн” гээд ирсэн “Энх Орчлон” дээд сургуулийн багш Ц.Эрдэнэ, мөн “Фэйсбүүк, твиттерээр ямар тусламж хэрэгтэй байна. Хаашаа, хэнтэй холбож өгөх вэ” гэж санаа чилээж суусан олон хүний итгэлийг өвөртлөөд замдаа гарсан.

 Улаанбаатар хотоос бензинээ дүүргэж аваад төмөр хүлгийн хүчийг үзэн хурдалж, “Биднийг ямар орчин угтах бол, эмч ямар хариу өгөх бол, таагүй мэдээ сонсвол энэ олон хүмүүст юу гэж хэлнэ ээ” хэмээн сэтгэл зовниж явсныг нуух юун.  Шөнийн турш эх орныхоо өмнөд хэсэг рүү довтолгосон бид замдаа сүрэг цагаан зээр, машины өмнүүр хээв нэг зам хөндлөн гарсан хярс гээд тал нутгийн эзэдтэй ч мөн таарав. Энэ бүхнийг хэсэг зуур ярилцаж, нэгэндээ мэдээлэл өгч, бүр лавшруулах хүсэлтэй нэг нь интернетээр мэдээлэл хайн, уншиж явсаар нэг л  мэдэхэд машин дотор нам гүм болж орхино.

 Үнэндээ бүгдийнх нь дотор “Биднийг ямар орчин угтах бол” гэсэн нөгөө бодол эргэлдсэн бололтой. Ямар сайндаа “Нөгөө хар куртиктэй эгчийн авчирч өгсөн дэсвдэг живхээ авсан тийм ээ. Амин дэмнүүдээ мартаагүй биз” гэж хий л сандарцгааж байх вэ дээ. Уг нь хэвлэлийн бид чинь хөдөө гадаа томилолтоор явахдаа техник, хэрэгслээ сайн базааж, тэднийгээ орхиогүй эсэхээ байсхийгээд л шалгадаг улс. Гэтэл энэ удаа огт өөр.

 Ийнхүү утасны сүлжээ “унаж”, “босон” урагш довтолгосоор ургахын улаан нартай зэрэгцэн “Замын-Үүд” гэсэн хаалгаар орж явчихав. Хот доторхыг сайн мэдэхгүй тул бага зэрэг төөрч будилсаар замд таарсан хүнээр очих буудлаа газарчлуулж аваад зөөлөн ор, дэртэй золгов. Замын турш толгойноос салаагүй тэр бодол зүүдэнд хэрхэн үргэлжлэх бол гэсэн бодолтойгоор бид амрахаар хажууллаа. Харин маргааш өглөө 10 цагт бид Ч.Бат-Оргилын гэрт очино.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …