Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 3,1 тэрбум төгрөгийн өртөгөөр боссон 50 ортэй эх хүүхдийн эмнэлгийн шинэ байрны нээлт өнөөдөр Сүхбаатар аймагт боллоо. Нээлтэнд Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа болон бусад холбогдох албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, ахмад ажилчид оролцов. 1942 онд Мандалын хийд гэдэг газар 2 гэртэйгээр байгуулагдаж байсан төрөх тасаг ийнхүү зориулалтын шинэ байртай болж байна. Ингэснээр эмч ажилчдад ажиллах таатай нөхцөл бүрдэж, хамгийн гол нь жирэмсэн эхчүүд болон шинээр мэндлэж буй хүүхдүүдэд таатай орчин бүрдэж байна.
Эх, хүүхдээ тосон авах шинэ байрны нээлтэнд зориулан Эрүүл мэнд спортын яамнаас 10 гаруй сая төгрөгийн өртөг бүхий зүрхний бичлэгийн аппарат болон эх нярайн тусламж, үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийг ЭМС-ын дэд сайд гардуулан өгөв.
Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Аймгийн ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 20 сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГазар, ИТХ-аас гал тогооны хэрэгслээр бүрэн хангажээ. Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт жилд 1000-1400 эх төрдөг байна. Монгол Улсын хэмжээнд 3 сая дахь иргэнээ хүлээж буй энэ цаг мөчтэй давхцан шинэ байрныхаа нээлтийг хийж байгаадаа нутгийн ард олон билэгшээж байв.
Тус эмнэлэг 3 давхар бөгөөд Аймгийн нэгдсэн эмнэлэгтэйгээ хүзүүвчээр холбогдсон. 1 дүгээр давхарт амбултори болон хөдөө сумдын жирэмсэн эхчүүд байрлана. 2 дугаар давхарт жирэмсний эмгэгтэй эхчүүдийн тасаг, 3 дугаар давхарт төрөх болон нярайн тасаг байрлаж байгаа аж. Мөн 0 давхар/подволын давхар/-т 6 машины гражтайгаас гадна жирэмсэн эхчүүдийн дасгал хөдөлгөөний өрөө, үйлчилгээний заалыг тохижуулж өгчээ. Мөн тус эмнэлэг нь цахилгаан шаттай гэдгээрээ онцлог ажээ.