Австралийн загасчид цув нөмөрсөн махчин загасны эртний төрөлд хамаарах нэгэн ховор загасыг барьжээ. “Маш аймшигтай амьтан. Лав л хүүхдүүдээ унтахын өмнө энэ амьтныг тэдэнд үзүүлэх шаардлагагүй болов уу” гэж акул загасыг барьсан загасчдын нэг онцлон өгүүлэв. Газар дээр гаргаж ирээд загасчид тэрхүү махчин загасны урт хоёр метр орчим болохыг тогтоосон аж. Амыг нь нээж үзтэл 25 эгнээ 300 шүд байсан гэнэ. Энэ нь эртний махчин загас Австралийн эрэг орчмын усанд үзэгдсэн анхны тохиолдол юм.
Цув нөмөрсөн акул загасыг Германы далайн амьтан судлаач Людвиг Додерлайн 1879-1881 онуудад Японд аялж байхдаа анх олж нээсэн билээ. Энэ эртний загас Атлантын болон Номхон далайн бүлээн усанд 600-1000 метрийн гүнд амьдардаг аж. Тэд голчлон кальмараар хооллодог гэнэ. Энэ загас хүнд аюул тарьдаггүй байна. Жилийн турш үржилд ордог бөгөөд амьд зулзага гаргадаг. Ургаа тээх үе нь 3.5 жил үргэлжилдэг аж. Энэ төрлийн загас одоогоос 95 сая жилийн тэртээ үүсчээ. Түүнийг харах юм бол могой, акул загасны хольц мэдрэгдэх болно.
Эх сурвалж www.wikimon.mn