Хатуудсан тоглоомын ялагч

ulsssssssssСайхан шүү. Ялна гэдэг. Тэр тусмаа хөлсөө дуслуулж олсон амжилт бүр ч сайхан. Даанч нэг л муухай юм бий. Ялах тутамд инээсэн дайснууд хүрээлж эхэлдэг. Харин цусаа дуслуулан байж хожих бүрт нь тэнгэр элч нар хүрээлдэг энэ тоглогчийн тухай мэдэх бүхнээ хуваалцая. Наашаа суу хө…Сонсоод үз…

ДҮРМЭЭРЭЭ ТОГЛОДОГГҮЙ КАЗИНО…

  “Аав аа, ээж ээ. Хүүгээ уучлаарай. Дараагийн амьдралд би дахин та хоёрын хүү болж төрөх аз тохиовол хавдар тусахгүй, бас ДОХ-оор өвчлөхгүй сайн хүү байна аа. Зүгээр л сэхээний оронд амьд үхдэл болсон хүүгээ уучлаарай…”

Манай “их гарын тоглогч” 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “ Зууны мэдээ” сониноор дамжуулан ингэж л уучлал гуйсан. “Эгч ээ би танаас нэг юм асууя. Монголд гэгээлэг зүйл хэр их байдаг вэ?” гээд хариулж амжаагүй байхад минь “Дотроосоо гэрэлтэх хүн хэр олон бэ?” гэж дахин шалгааж байсан энэ залуу өвчиндөө  биш тэс өөр зүйлд сэтгэл нь зовж байх юм даа. Монголчуудын дотроосоо гэрэлтэхэд л илүүтэй санаа нь зовнисон энэ ухаалаг хүү хэн бэ? Багаасаа элэгний вирус тээж улмаар элэгний хорт хавдраар өвдөж, Хятад улсад осолд орсноосоо болж анхны тусламж авахдаа бохир тариураас ДОХ-ын вирус авч цэл залуухан насандаа аймшигт өвчнөөр эд эс бүхнээ дотроосоо идүүлж байгаа хорь гаруйхан настай нэгэн. Долоо хоногтоо гурван удаа цусаа сэлбэж, жилдээ 9000 америк долларыг эмчилгээндээ зарцуулж, өвчин намдаагч эм тариагаар өдөржин бөмбөгдүүлж, хүндэрсэн үедээ хиймэл амьсгалаар хүчээр амьсгалж байгаа хэдий ч Монголдоо очиж хүссэнээ хийхсэн, Монголчууд намайг зөв ойлгох болов уу, яадаг бол гэдэгт л илүүтэй зовниж байлаа.

“Хавдар өөрөө ДОХ тусч үхээсэй” гэх дэндүү боломжгүй хүслээрээ хараах ерөөхийн алин болох нь мэдэгдэхгүй бухимдаж суусан энэ залуу хүний нутгийн сэхээний эмнэлэгт хичнээн зүдрэхдээ “Хавдар болон ДОХ намайг дотроос минь алж байна. Хэрэв эмчилгээ байсан бол би тэсэх л байсан. Энэ бол их аймшигтай өвчин. Ямар их аймшигтай гэдгийг би яс махаараа мэдэрч байна.”гэж бичих билээ.

Өвчиндөө гутрахаасаа илүүтэй ДОХ-той хүмүүсийн ялгаварлан гадуурхах монголчуудын сэтгэлгээнд шаналж байсан хүүгийн өмнөөс хэлэхэд ДОХ гэдэг жаахан уужуу бодвол зайрмаг идээд хоолойгоо өвтгөж, даарч яваад ханиад хүрэхтэй л адил хэлж ирдэггүй өвчин юмсанж уг нь. “Битгий үхээч” гэж сэхээний орны хажууд уйлах найз охиндоо: “ Намайг хайрласан хайрыг чинь хойд насандаа хариулна аа” гэж аргаа барсан хүү… Харийн эмнэлэгийн сэхээний орон дээрээс, амьсгалын аппарат салгах хооронд хэдэнтэй тасалдан байж хийсэн хүү бид хоёрын эхний ярилцлага “Монголд очоод хийх дөрвөн ажил байгаа.1.Залуусын боловсролыг дэмжих залуучуудын холбоо бай­гуу­лах, 2. Гэр хорооллын иргэдэд туслах олон улсын төсөл хэрэгжүүлэх, 3. Монголын их сургуу­лиудад очиж илтгэл тавих, 4. Монголын хөдөө очиж нэг их гоё ганц нэг хонох,  / хамгийн хүсч байгаа зүйл/” гэх биелшгүй хүслээр дууссан. Хоёрын хоёр аймшигт өвчиндөө морфин тариад ч өвчин нь намддаггүй тэрээр “Ядаж байхад уушигны хатгаа авч хүндрээгүй бол би хэдэн сар амьдрах тавилантай байсан ч юм билүү.  Амьдрал минь ийнхүү дуусч байгаад харамсаад ч барахгүй байна. Чадвал алс хол байгаа дүүгээ нэг үнэрлэх юмсан, чадвал эх орондоо очиж хөрсөнд нь наалдаж хэвтэх юмсан.” гэж байсан болохоор түүний сүүлчийн дөрвөн хүслийг нь биелэшгүй л гэж би бодож байлаа…

 ИХ ГАРЫН ПОКЕРЧИН…

 Баяртай гэлгүй төгссөн бидний яриа “Миний Монголын тэнгэрт өссөн бүргэд будант газар ясаа тавьдаггүй” гэсэн найргийн мөрийг баталж, найман сарын дараа гэнэт л “Монголд хүйтэн байна шүү. Гадаа гараад л хамрын үзүүр хөлдчих гээд байх юм” гэсээр мессенжерт ороод ирэх нь тэр. Хүүгийн биеийн байдлаас болж хэн хүнгүй л түүнийг тэнгэрт одсон гэдэгтэй битүүдээ эвлэрч суусан байх.

 “Чингис хаан нисэх буудалд газардах үед өөрийн эрхгүй нулимс гараад, хүлээлгийн танхимд орох гэж байхдаа их сандарсан. Дахин төрсөн юм шиг л санагдаж байлаа…”  Амьсгалын аппаратанд ярих чөлөөгүй амаа битүүлж, эд эс бүхнээ хоёрын хоёр аюулт өвчнөөр зэрэг зэрэг үхүүлж, судас болгондоо дусал залгаастай байсан ч амьд гардаг л юм бол Монголдоо очиж заавал хийх ажил байгаа хэмээн санааширч байсан залууг эх орных нь уудам тал ч ёстой өндөлзөн тосч авсан байх даа… Ирэнгүүтээ эх орныхоо хөдөөг яаравчлан зорихдоо хүчилтөрөгчтэй зөөврийн баллоноо авч явсан боловч 2 цаг зүүгээд дууссан гэнэ. Монголд хол явбал том баллонтой хүчилтөрөгчтэй машинаар явахгүй бол захын судасны хүчилтөрөгчийн хангамж байнга дутагдаад байгаа гэнэ.

 Улс орныхоо өмнө өчүүхэн ч үүрэг хүлээж алба хашаагүй хэрнээ, өвчнийхөө аясыг дагаад байлгүй ард түмнийхээ төлөө “нүнжигтэй“ ажлаа хэдийн эхлүүлчихэж. Түүний байгууллага өрх толгойлсон эмэгтэйчүүд, асрамжийн газрын хүүхдүүд, ахмадуудад туслах төсөл, залуучуудын боловсролыг дэмжих багц хөтөлбөр гээд аль л хэрэгтэй гэсэн газарт биеллээ олж яваа ч залуу мөн л ялгаварлан гадуурхах арчаагүй үзлээс жийрхэж холбоогоо бас нууцлахыг хүсч байх юм.  Эм тарианы үйлчлэх богинохон хугацааг ашиглан байж хүний нутгаас удирдан, багагүй мөнгө зарж байгуулсан ажлаа “Нөгөө ДОХ-той залуугийн холбоо “ гэсэн нэр авчихаад сайн үйлс явуулахад саад гарахвий гэсэндээ өөрийгөө далдалсаар л…

“ Эгч ээ би аав ээждээ зориулж ном бичсэн. Бас нэг мэргэжлийн ном орчуулаад дууссан. Миний сэтгэл, хүн чанар, амьдралын үнэ цэнийг харуулсан кино зохиол бичээд одоо гадаадын нэгэн студид зураг авалт нь эхэлчихсэн байгаа.  Киноныхаа талаар хамаагүй ярьж болохгүй. Нэг ёсондоо киног задруулах эрх байхгүй. Зохиолыг бичсэн гэж миний нэр л гарна. Харин киноноос олох орлого энэ тэр надад хамаагүй, студийнх болно л гэсэн үг.  Номны тухайд гэвэл холбооныхоо ирээдүйд хадгалж байгаа…”

Баахан долларын зураг оруулаад  “share  хийвэл баяжина”,  гүзээлзгэний зураг тавиад “жимсэнд дуртай нь like”, нүцгэн зураг оруулаад “ damn биз comment” гэх зэргээр нийгмийн сүлжээний өрөвдөм эрх чөлөө залуусын “эрүүл сэтгэхүйг ангуучилж” байхад, яс хөрөөдөм мэт өвдөлтийн хажуугаар, хор туяанаас нь айлгүй, интернет утас бүгд хориотой ч, эм тариаг нь хийхээр хамтдаа ирсэн гадаад эмч найзыгаа эзгүйчлэн байж ярилцан, мөн эхлүүлсэн ажилдаа санаа тавина. Өвчтөний сахих дэгийг алдуулан байж энэ ярилцлагыг авч байгаадаа харийн эмч танаас уучлалт гуйя. Учир нь энэ цаг мөч, хүү бид хоёрт дэндүү үнэ цэнэтэй юм.  Хийсэн бүхэнд нь хэлэх үг олдохгүй суухад минь тэрээр “ Мөнх амьдрал гэж энэ шүү дээ эгч ээ. Дүү нь мөнхөд амьдарна аа, та ч гэсэн мөнх амьдраарай” гэж хэлээд нетээс гарчихлаа. Цаг мөч бүхэн дэндүү үнэтэй байхад, хүүг ийн тэмцэн байх зуур өнөөгийн ихэнх оюутнууд “70-аас 70-ын хооронд”  фейсбүүк хуудсаа элдэв зургаар л чимж суух. .. Даанч хол зөрж байгаа биз….

“Эмнэлгийнхээ цонхоор ганцхан зургийг 1200 удаа дарсан, төгөлдөр хууран дээр хаяа “River flows in you” аялгууг тоглох дуртай” гэсэн түүний үг гунигтай байгааг нь илтгэнэ. “Монголд ганцаараа явж байхад чинь хэн нэгэн мөнгө нэхэж, дээрэмдэх гэвэл яах байсан бол?” гэж амьхандаа гунигтай сэдвийг өөрчлөх санаатай асуусан минь доорх дурсамжийг өгүүллээ.

“Байгаа бүх мөнгөө л өгнө дөө. Хулгайч дээрэмчин ч гэсэн цаанаа хэн нэгнийг тэжээдэг байх. Амар аргаар, хүн хохироож мөнгө олж байгаа ч гэсэн сэтгэлтэй л байж таараа. Харин салахгүй зуураад байвал хүзүүн дээрх бичгээ л харуулах байх даа. Хүзүүн дээр минь 4 улсын хэлээр өвчнийхөө нэрийг, мөн түргэн дуудаад цаг алдалгүй яаралтай тийм эмнэлэгт хүргэж өгнө үү, шагналтай гэсэн үг байгаа. Сая энд ирэхээсээ өмнө Монгол хэлээр нэмж бичүүлсэн. Ер нь бол миний цүнх хувцас гээд бүгд дээр л тийм бичиг байгаа.  Нээрээ би хэдэн жилийн өмнө цүнхтэй эмээ хулгайд алдаж байсан. Тэр хулгайчийн хувьд огт хэрэггүй хэдхэн эм төдий. Харин миний хувьд амьдралаас минь үнэтэй зүйл байсан юм. Тэгээд олдоогүй, би их зовсон. Эмнэлэгтэйгээ яриад дараа сарын эмнүүдээ урьдчилж авсан ч тэр үедээ нэлээн хохиролд орсон. ХДХВ-ын хэдэн эм, хавдрын цөөхөн эм байгааг мэдээд 7 хоногийн дараа өөрөө цагдаад хандсан байна билээ. Гэхдээ би тэр хүнийг шагнасан. Ялангуяа миний эмч тэр залууг тэвэрч авах гээд ямар их баярласан гээч. Цүнхийг минь авсан залуу бид хоёр одоо хүртэл холбоотой байдаг. Сая хэвтэхэд эмнэлэгт над дээр эргэж ирсэн байсан. Даанч сэхээнд ямар хүн оруулах биш дээ. Одоо бид найзууд болсон. Тэр ч хулгайч биш болсоон.” / инээв/

Залуус загвар хөөн дэгжирхэж л бие дээрээ шивээс хийдэг гэж эндүүрч ирсэн жаргалтай бодолдоо гэмшин, нүд бүрэлзэн хоолой зангирахаас илүүг чадахгүй нь.

Хүсэл мөрөөдлөө, сэтгэлээ мөнхлөхөөр хийсэн ажил бүхнээсээ эцсээ хүртэл өөрийгөө нуух нь ээ гэсэн харууслыг минь мэдсэн аятай мөн л хөөрхөн инээж, “Би хэдэн жилийн өмнө гэрээслэлээ бичсэн. Сая мөн байгуулсан ТББ, хийсэн ажлынхаа тухай өөрөө ч үзээгүй нэг бичлэг үлдээсэн. Тэр бичлэг намайг нас барсны дараа нийтэд задрах юм. Тэндээс намайг мэдэх болно. Би мөнх амьдрах болно оо эгч ээ…” Бидний яриа мөн л баяртай гэлгүй өндөрлөсөн…

 ДИВААЖИНГИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА

 “Эгч ирээд надад шинэ жилийн гоёлын хослол авч өгсөн ч би гэрийнхээ толины өмнө нэг удаа л өмсч үзсэн.Бие гайгүй болохоор тантай уулзана аа. Монголынхоо хавдарын эмнэлэгт ч хэвтэж магадгүй…” гэсэн байх юм. Шинэ жилээр гадаадад байгаа найз охиныгоо романтик болзоонд урина гэж байсан хүсэл нь биелсэнгүй дээ….

Уулын цас шиг ариухан, талын цэцэгс шиг хээнцэр гэгээхэн нас руугаа эргээд нэг очоод үзээч, хүмүүс минь. Зөөлөн бороонд хамтдаа алхаж, гэгээн мөрөөдлөөр амьдралаа зурж, асаж агсаж явсан хорин хэдхэн нас… Анхны цас шиг  цав цагаан хүсэлдээ нисч явсан үе… Уншигч таны дотор одоо ямархан симфони эгшиглэж, ямархан романс хөвөрч байгааг таашгүй нь…

Харин… Дурлалаас өөр бодолгүй, хайраас өөр шархгүй явдаг энэ л насан дээрээ төсөөлөхийн аргагүй өвчнийг тэсч хийсэн бүхнийг нь бодохоор хорвоогийн дэндүү хатуу тоглоомыг ялсан гэхээс өөр юу гэх вэ. Одоо түүний эхлүүлсэн ажил улам бүр сайн байгааг л мэдэж байна.  Ямартай ч “тэнгэрээс цэргийн зарлан дуудах” ирсэн болохоор “цэрэгт мордох” нь тодорхой.  Жил дамнан байж таны гарт очсон энэ нийтлэл олон ч удаа тасалдсан даа.

 “Аз жаргалын босго чинь хэт өндөр байхвий. Та энэ өглөөг эрүүл энх угтаж байна уу? Та ирээдүйд зорилго мөрөөдөлтэй байна уу? Та өдөр болгон тайвшруулах эм ууж, өвчин намдаах тариа хэрэглэхгүй амьдарч байна уу? Энэ бол үгээр хэлэхийн аргагүй аз жаргал. Тийм байхад таны эргэн тойрон байгаа бүх зүйл аз жаргал аа” хэмээн фейсбүүк хуудсандаа үлдээсэн нь хүн төрөлхтөнд өргөх сүүлчийн үг нь гэлтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …