Д.Эрдэнэбаяр: Гэртээ биш үйлдвэрт ажиллахыг хүсч байна

394018cc598a7ef1originalЭнэ удаагийн “Эгэл амьдрал” буланг бэлтгэхээр Чингэлтэй дүүргийн XII хороог зорилоо. Тус хороонд ойрын үед цахим хуудаснаа олны танил болоод байгаа Д.Эрдэнэбаярынх амьдардаг. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ариун цагаан хөдөл мөрөөрөө гэр бүлээ авч яваа залуусын нэг юм. Д.Эрдэнэбаярынд ороход маш халуун байв. Учир нь хэвнээс гарсан гахайг хатаахын тулд ийм нөхцөлд байлгах хэрэгтэй байдаг ажээ.
Хоёрдугаар дөчин мянгатад өнгөрөөсөн хүүхэд нас жаргалтай

 Бага насаа хоёрдугаар дөчин мянгатад өнгөрөөсөн тэрбээр таван хүүтэй айлын гурав дахь нь аж. Ээж нь гэрээр оёдол хийдэг, их ур дүйтэй хүн байсан бөгөөд Д.Эрдэнэбаяр ээждээ их тусалдаг. Бүр ээжийнхээ хажууд суугаад малгай, ороолт нэхдэг байсан гэнэ. Мөн загасанд их хайртай учраас гуравдугаар ангиас эхлэн загас тэжээжээ.

 Түүнээс болоод найз нөхөд нь түүнийг “Загасчин” гэж дууддаг байж. 24 дүгээр дунд сургуульд долдугаар анги хүртлээ сурч 1991-1994 онд Өсвөрийн зохион бүтээгчдийн төв сургуулийг компьютерын оператор мэргэжлээр төгссөн байна. Зах зээлийн үед сургуулиа төгссөн ч мэргэжлээрээ ажиллахын оронд аль болох их мөнгө олох ажил олж хийдэг байв.

 Ингээд 1998 онд Солонгост ажиллахаар очоод удаагүй үйлдвэрийн осолд оржээ. Хорь гаруйхан насандаа харь орныг зорьж, ажил хийгээд ирээдүйд хүнээс дутуугүй сайхан амьдрах хүсэл тээж явсан залуу нэг л өдөр гараа тайруулна чинээ зүүдэлж ч байгаагүй биз. Энэ тухайгаа Д.Эрдэнэбаяр “Солонгос улс эмчилгээг үнэхээр сайн хийдэг юм билээ. Хүмүүсийн ярьдаг ч үнэн юм. Тэндээ гурван сар эмчилгээ хийлгээд эх орондоо ирсэн. Тэр үед би 23 настай байв. Асуудлын наадах цаадахыг ойлгохгүй, өөрийгөө ч бодсонгүй үйлдвэрийнхээ эзнийг бодож гэрээнд “Гомдолгүй” гэж гарын үсгээ зурсан. Гэртээ ирээд үнэхээр хэцүү байсан. Эхний хоёр сар гадагшаа гарч, хүнтэй ч уулзаж чадахгүй. Найз нөхөд таньдаг хэн нэгнээс нуугдаж явдаг байлаа” хэмээн ярьсан юм.

 Бас нэг л өдөр хамгаас хайрт ээж нь бурхан болж, араас нь өмөг түшиг болсон аав нь одоход хорвоо түүнд хэтэрхий хатуурхсан мэт.

 Тэрбээр заяаныхаа ханьтай 2012 онд учирчээ.

 Ханилж суугаад гуравхан жил болж байгаа ч нэг нэгнээ халамжилж, хайрлах нь цаанаа л өөр, тэд нүднийхээ харцаар ойлголцдог юм шиг санагдсан. Түүний гэргий төрөлхийн тагнай нь цоорхой төрж, түүнийгээ том болсон хойноо эмчлүүлсэн байна. Мөн төрөлхийн калийн дутагдалтай, сонсголын бэрхшээлтэй гэнэ. Хэлж, ярихдаа тааруу ч хөөрхөн инээж, хөнгөн шингэн хөдлөх түүнийг хараад бахархах сэтгэл төрөв.

 Тэд гэр гийгүүлэх ганц хүүтэй аж. Батсуурь хүү одоо наймдугаар ангид сурдаг. Багагүй авьяаслаг бололтой өнгөрсөн жил “Гэгээн алсын одод” телевизийн шоунд оролцсон байна. Энэ жил дахин оролцох хүсэлтэй буйгаа ч ярьсан юм.

 Гахай хийж сурсан түүх

 Ханьтайгаа танилцан, ханилан суусан цагаас хойш гахай хийж сурчээ. Тодруулбал, Д.Эрдэнэбаярын хадам аав, ах нар нь их ур дүйтэй мундаг барималч байсан байна. “Анх гахай хийж сурах гэж их хөглөдөг байж билээ. Өвөр дээрээ тавиад илүү өө сэвийг хусч янзалж байгаад цээжээрээ дараад хагалчихна. Эхлээд эхнэрээрээ их загнуулдаг байсан бол одоо би өөрөө эхнэртээ заах төвшинд хүрсэн шүү” хэмээв.

 Гахайг хийхэд хамгийн гол зүйл нь хэв гэнэ. Хэвэнд зуурмагаа хийнэ. Дараа нь зуурмагаа тодорхой хэмжээнд барьцтай болоод ирэх үед хэвнээс нь гаргаж, өнгөлж, янзална. Ингэж янзалсныхаа дараагаар гахайгаа маш сайн хатаахын тулд пийшин дээр болон хажуу хавиар нь тавиур тавьж гахайнуудаа өрж хатаана.

 Д.Эрдэнэбаяр материалаа 100 айлаас, эсвэл ойрхон барилгын материалын дэлгүүрээс авна. Долоо хоногт нэг шуудай гипс хэрэглэдэг байсан бол тэр нь хоёр, дөрөв, зургаа, арав, хорь болж нэмэгдсэн байна. Будгийн хувьд улаан, ногоон, шар гэсэн үндсэн гурван өнгөнд тулгуурлан баримлаа буддаг. Захиалга өгч буй хүн өөрийн дуртай өнгийг хэлэх учир будгийн өнгөний сонголтыг арвижуулах төлөвлөгөөтэй байгаа гэж байв.

 Ийм их нунтаг шохой бужигнасан байхад маск зүүж болдоггүй юм уу гэхэд “Хэдий хүнд нөхцөл ч гэлээ ийм байдалд ажиллаж амьдарсаар байгаад дасал болчихож. Эхнэр маань энэ ажлаа хийгээд байх л юм бол бие өвдөж, ганц ч ёолдоггүй. Амраад, зүгээр суух л юм бол бие нь өвдчихнө. Хэвнээс гарсан гахайгаа хусч янзлахдаа үлээдэг, мөн ийм халуунд маск зүүхээр амьсгалахад бэрх байдаг” гэх юм.

 Азын тэнгэр ивээв

 Саяхан нэг өдөр дүүгийндээ очих гээд хүүхдэд нь бэлэг боогоод, хажууд нь гахайгаа тусад нь бариад таксинд суутал жолооч залуу “Ах аа, та наад гахайгаа өөрөө хийсэн үү” гэж үзэж сонирхоод их таалагдсан учраас Д.Эрдэнэбаярын утасных нь дугаарыг авчээ. Хэд хоногийн дараа гахай авах гэж гэрт нь очоод ихэд гайхан “Та хоёр яасан мундаг юм бэ. Үнэхээр гоё гахай хийдэг юм байна. Гэхдээ жаахан хүнд нөхцөлд л ажилладаг юм байна” хэмээгээд, гахайны зураг болон та хоёрын зургийг аваад фэйсбүүктээ тавьж болох уу гэжээ.

 Тэгэхэд нь Д.Эрдэнэбаяр зөвшөөрсөн байна. Ингэж олны анхааралд өртсөн нь саяхан билээ. Тэрбээр “Биднийг азын тэнгэр ивээлээ. Ерөөлөөр учирсан тэр залууд талархаад баршгүй. Ах нь нэг фэйсбүүк нээе гэж бодоод чадахгүй юм. Гэхдээ нээнэ. Фэйсбүүкээр худалдан авагч нартай холбогдвол амар юм шиг байна” хэмээв.

 Эр, эм “гахай”

 Тэд хийсэн гахайгаа эр, эмгүй бондгор, хавтгай гэж нэрлэдэг байжээ. Эдгээр нь дотроо том, жижиг, дунд гэсэн гурван хэмжээтэй. Саяхан мянган гахай тэжээдэг нэгэн ах ирж гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор гахай хийлгэсэн гэнэ. Тэр үед бондгорыг эм, хавтгайг нь эр гахай гэж хэлжээ. Зөвхөн гахай хийгээд зогсохгүй чандага, нохой, луувантай туулайн хэв байдаг учир захиалгаар хийдэг аж.

 Удахгүй морин жил дуусч хотондоо ээлтэй хонь жил орох гэж байгаа тул хонь хийлгэх хүсэлт олноор иржээ. Ер нь Д.Эрдэнэбаярын эдгээр амьтныг урлаж буй хэвүүд нь тэнгэрт хальсан хадам ахынх нь хийсэн хэв гэнэ. Д.Эрдэнэбаяр “Тэнгэрээс хайртай хүмүүс маань бид хоёрыг хараад ажил үйлс минь бүтэмжтэй сайхан яваад баярлаж байгаа байх гэж бодож байна” хэмээн бодолхийллээ.

 Одоогоор захиалга их байна

 Баяр ёслолын үеэр гүйлгээ сайн байдаг аж. Нэг авсан хүн дахиж авах нь элбэг. Учир нь хүмүүс гахайндаа мөнгө хийж хадгалаад дүүрэхээр нь хагалж мөнгөө аваад хэрэгтэй зүйлээ авна. Дараа нь дахиж мөнгөө цуглуулах шаардлагатай болоход ирээд л авдаг байна. Одоогоор “Ариг” банкны захиалгаар тэдний логоноос гадна    билгэдлийн чанартай гэж хэлж болохоор өвөрмөц гахайн захиалгатай байгаа гэнэ. Уг бүтээлээ тэд энэ долоо хоногтоо багтааж гаргахаар ажиллаж    байгаа юм байна.

 Биднийг ярилцах зуур гахайн захиалга утсаар их ирж байгаа нь ажиглагдсан. Хоёрхон гахайг авах гэж хотын төвөөс автобусанд суугаад, гэрийг нь хайж олоод ирж байгаа хүн ч таарлаа. Энгийн өдрүүдэд 30-50 ширхэг гахай гаргадаг байсан бол одоо өдөрт 100 шахам гахай хийх болжээ. Өмнө нь ямар ч захиалга байхгүй. Өдөрт арван    ширхэг гахай хийчихээд түүнийгээ аваад гадуур явж зараад нэг өдрийн хоолоо залгуулдаг байсан бол сүүлийн жилүүдэд хийх гахайн тоо ийнхүү нэмэгдсэн байна.

 Үйлдвэрлэлийн хэмжээнд хүргэх зорилготой

 Манайд яг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгж байгаа үгүйг сайн мэдэхгүй юм. Ямартаа ч Д.Эрдэнэбаяр “Миний ганц хүсч, зорьж явдаг зүйл бол одоо хийж байгаа зүйлээ үйлдвэрийн хэмжээнд аваачих юм” гэв. Энэ талаар судалж, гадуур гарч хүнтэй уулзаад яваад байх цаг зав, боломж олдохгүй юм хэмээн тэрбээр ярьсан. Тиймээс энэ талаар мэдлэгтэй хүн түүнтэй холбогдвол маш    их тус болно гэдгийг энэ дашрамд уншигч танд дуулгая. Зун өглөөний таван цагт босч хэвлээд ид нартайд хатаагаад авчихдаг байна. Харин бороо орохоор эдгээрийг хадгалах саравч байхгүй учраас хэцүү байдаг. Өвөл гэртээ пийшингээ тойруулаад тавьчихна. Ингэж ажиллахад мэдээж бэрхшээлтэй байлгүй яахав.

 Ард түмнийхээ урмын үгэнд талархаж байна

 Сүүлийн үед холбоо тасраад байсан багын найзууд нь түүн рүү ярьж холбоо тогтоожээ. Мөн таньдаг гэхээсээ илүүтэйгээр фэйсбүүкээр дамжуулан маш олон хүний анхаарал татсан учраас танихгүй хүн ч амжилт хүсч, урмын үг хайрлаж байгаа гэнэ. Цаашлаад хөдөө орон нутаг, гадаадад суугаа монголчууд хүртэл залгажээ. Германаас нэгэн хүн залгаж сэтгэлийн үгээ хэлэхэд өөрийн эрхгүй огшиж уйлснаа ч тэрбээр бидэнд хуучилсан.

 Монголчууд бид ийм сайхан сэтгэлтэй ард түмэн. Зовж яваа нэгэндээ эд хөрөнгөөр биш юм аа гэхэд сэтгэлийн халуун дулаан үгээр урмын үг хайрлахын ач тус их юм.

Эх сурвалж: Монголын үнэн

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …