Тун удахгүй болох хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмыг тохиолдуулан тус наадмын тэргүүн байрын шагналт уран бүтээлчтэй ярилцлаа. Энэ хүн бол МЗЭ-ийн гишүүн, Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Оюундэлгэр юм.
–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Их л амгалан өдөр байна.
-Баярлалаа. Амар амгалан байх шиг сайхан зүйл хаана байх вэ дээ.
–Тийм шүү . 1996 оны Цагаан-Уул наадамд оролцож байсан тэр үе рүү тань эргэн нэг очъё гэж бодлоо. Тухайн үед өөрийгөө түрүүлнэ ч гэж бодолгүй орж байсан байх?
-Түрүүлнэ гэж яаж бодож чадах билээ. Дөнгөж 1 дүгээр курсийн оюутан болсон жил шүү дээ. Утга зохиол, яруу найргийн томчуудтай зэрэгцэн анх удаа тайзан дээр шүлэг унших хувь тохиосон. Шүлгээ сайхан уншаад л буухад миний хувьд боллоо гэж бодож байсан. Гурван даваа даваад тэргүүн байрт шалгарахад үнэндээ итгэж чадаагүй. Мартахын аргагүй гэрэлт цаг, гэгээн дурсамж шүү.
–Бүр сонсоход л сэтгэл хөдөлж, яг тэр үед очсон мэт санагдаж байна. Тийм мундаг хүмүүстэй нэгэн тайзнаа шүлэг уншиж байхад сандрал, айдас их л байсан болов уу даа. Тэр бэрхшээлийг хэрхэн давж байсан бэ?
-Сандарч байсан. Олон хүмүүсийн өмнө өөрийнхөө хүндэлж, уншиж явдаг найрагчидтай хамт өрсөлдөнө гэдэг амар байгаагүй. Айх, баярлах, сандрах гурав давхцаад өвдөг чичирч байснаа тод санадаг. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир удаалсан. Урт үстэй, улаан хацартай, улаан тэрлэгтэй охин цомоо тэврээд ангийнхантайгаа, ээжтэйгээ дурсгалын зураг татуулаад сайхан байжээ.
–Үнэхээр сайхан дурсамж юм. Түүнээс хойш утга зохиолын ертөнцөд тэмүүлэх, шунан дурлах урам зориг тань илүүтэй нэмэгдсэн болов уу?
-Тэгэлгүй яахав. Багаасаа л уран зохиол, монгол хэлний хичээлд дуртай, шүлэг бичих сонирхолтой хүүхэд байсан болохоор Утга зохиолын дээд сургуулийг сонгосон. Тэндээс л авьяас билэгт анд найзуудтайгаа танилцаж, ахмад зохиолчдын алт шиг сургаалыг сонсож яруу найргийн наадмуудад амжилттай оролцож ирснээ би хувьдаа том аз гэж боддог. Улам ихийг хийж бүтээхсэн гэсэн дэврүүн оргилуун сэтгэлээр бялхдаг юм билээ.
–Та “Цагаан-Уул” наадамд шүүгчээр оролцож байсан. Оролцогчийн байр сууринаас орж байснаас мэдээж өөр л мэдрэмж төрж байсан биз?
-2013 оны “Цагаан-Уул”-ыг шүүлцсэн. Би энэ наадамд их хайртай. Идэр залуу насны үнэн гэгээн хайрын шүлгүүд уншигддаг. Тэр утгаараа хиргүй тунгалаг гоё. Сүүлийн үеийн яруу найраг шүлэгт дуртай, авьяастай залуусын шүлгийг сонсож суухад үнэхээр сэтгэл хөдөлсөн. Хэн нэгэнд нь бага оноо тавина гэхэд хэцүү байсан. Ер нь шүлэг шүүнэ гэдэг хэцүү ажил юм билээ.
–Шүлэг гэдэг хүний сэтгэлээс гардаг болохоор байр эзлүүлэх амаргүй л байх. Таны хувьд тус наадамд оролцогчдоос олж харсан анхаарууштай зүйл юу байсан бэ?
-Анхааруулаад байх зүйл олж хараагүй ээ. Зүгээр эрхэм дүү нарт уламжлал, шинэчлэл хоёроо хамтад нь авч яваасай, улам сайн байхын тулд их уншаасай, өөрийгөө голохгүй их бичээсэй гэж л хэлмээр байна. Авьяасыг үргэлж усалж, тордож байх хэрэгтэй гэдгийг би сайн ойлгосон.
Хүн жижигхэн зүйлээс эхлээд энэ дэлхийг дүүртэл хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй
–Хайрын шүлгийн наадмын тухай ярьж байгаа болохоор хайрын тухай ярья гэж бодлоо л доо. Хайр бол яруу найрагчийг хөглөдөг, амьдралын үнэт зүйл яахын аргагүй мөн гэж би боддог. Та ч бас үүнтэй санал нэг байдаг уу?
-Нийлнэ. Хүн жижигхэн зүйлээс эхлээд энэ дэлхийг дүүртэл хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй. Хайр дээр л энэ амьдрал, энэ орчлон тогтдог гэж боддог. Хайргүй бол амьдрал гэж байхгүй шүү дээ.
–Хайрлахад хамгийн чухал зүйл сэтгэл гэдэг дээ. Та хайрын үнэ цэнийг хамгийн ихээр мэдэрсэн гэгээн дурсамжаасаа хуваалцаач?
-Юу ч бодож төлөвлөхгүй зүгээр л зөнгөөрөө бие биедээ өөрийн эрхгүй татагдаад, хамт л байхгүй бол нойр хоолноос гараад, хамт байхаараа нисчих гээд байдаг тийм нэг сэтгэл хүн бүхэнд л ирдэг дээ. Тийм л хайртай учраад, амьдраад, цэцэглээд явж байгаа энэ амьдралдаа сэтгэл хангалуун яваа. Үнэнч хайр удах тусмаа нялхардаг байх шүү.
–“Гал урсгал” наадам дээр та ханьдаа зориулсан шүлгээ уншиж байсан. Тэр сайхан шүлгийг бичих шалтгаан болсон ханьд тань нэгэн сайхан бэлэг болсон болов уу. Хүний сэтгэлийг хөдөлгөдөгт л хайрын шүлгийн үнэ цэнэ оршдог байх даа?
-Зүрх сэтгэлээс гарсан зүйл зүрх сэтгэлд л хүрэх ёстой гэж боддог. Уншиж, сонсч байгаа хүнд л хүрч чадаж байвал уран бүтээлч хүний хамгийн том аз жаргал тэр байх.
–Энэ жилийн “Цагаан-Уул” наадамд оролцож байгаа яруу найрагчдадаа хандаж урмын сайхан үг хайрлах тэр хормыг танд үлдээе?
-Тус наадамд оролцож байгаа оюутан залуус, дүү нартаа амжилт хүсээд уран бүтээлийн урт замд гэрэлтэж явахыг хүсье.
-Танд баярлалаа. Уран бүтээлийн сүүн замд тань амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Тэргүүн байр эзэлсэн шүлэг: Чамтайгаа би учирч чадахгүй явна
Гурван намар шувууд зэллэж гол эзгүйрлээ
Гурван намар шуранхай хадаж найр хавтгайрлаа
Гурван намар шүүдэр царцаж энгэр жиндлээ
Гурван намар шүлгэн хэлхээ нэг нэгээрээ тасарлаа
Зүүний магнай шиг үзэгдэх нутгийн минь уул
Зүүдэн алсад залардаг нүдэн нуур
Зүйдэлгүй өдрийн унага тамгалсан найр
Зүрхэн дунд дарагдсан тал саран тамга минь
Чамтайгаа би учирч чадахгүй л явнаа
Догдолж төрүүлэхдээ ижий аавын чинь хайрласан
Долоон үсэгтэй нэрийг шанаган одтой зүйрлэж
Доголон нулимстай заяагаа тэнгэрт нь даатгаж залбирчихаад
Домгийн тэр бурхадтай сэтгэлээ аргамжиж хонодог ч
Чамтайгаа би учирч чадахгүй л явнаа
Хэтээ бодоогүй дурлалын арван долоохон нас
Хэдийнэ богиндсон тэрлэг шигээ болчихсон
Хэлтгий тавилантай орчлонд дээлээ хөөргөж бүсэлсэн
Хээгүй Монгол занд л бүсгүй заяа сөхөрсөн
Гурван намар шувууд зэллэж гол эзгүйрлээ
Гурван намар шуранхай хадаж найр хавтгайрлаа
Гурван намар шүүдэр царцаж энгэр жиндлээ
Гурван намар шүлгэн хэлхээ нэг нэгээрээ тасарлаа
Чамтайгаа би учирч чадахгүй явнаа
Ярилцсан: Б.Мөнхтуяа