“Босоо хөх Монгол” ТББ, “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад өнөөдөр 11 хонож байгаа билээ. Харин өчигдөр өлсгөлөн зарлагсдын нэг болох н.Цэрэннадмидийн биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүнийг яаралтай түргэн тусламжийн эмч ирж үзээд, даралт нь ихэссэн, дотор халуунтай гэсэн оноштойгоор Улсын төв I эмнэлэг рүү авч явсан. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн н.Борхүүгийн биеийн байдлыг тааруу гэж үзээд, эмч нар авч явах гэсэн боловч өөрийн хүсэлтээр эмнэлгийн тусламж аваагүй байна.
Эдгээр иргэд Монгол түмнээрээ баярладаг сар шинийн баяраар ийн эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцсээр байгаа юм. Гэтэл төр засаг нь эдгээр ард иргэдээ үл тоож сар шинийн баяраар найрлаж, цэнгэж яваа нь өөрийн эрхгүй бухимдал төрүүлж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул нь Хүннүгийн үеийн хаадын шарил ба үнэт өв хөрөнгө ихээр хадгалагддаг түүхэн газар боловч уулын хөндийд алт олборлох лиценз олгохыг эсэргүүцсэн иргэдээ ийн тоохгүй орхиж боломгүй. Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа “Босоо хөх Монгол” ТББ-ынхан өнөөг хэр нь тэмцлээ үргэлүүлсээр байна. Сар шинийн баяраар халуун ам бүлээрээ гэртээ баярлаж суухыг хойш тавьж газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа нь үнэхээр бахархууштай юм. Гэтэл МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмцэгчдээс илүүтэйгээр “Мянгат тэмээчин” айлаар зочилж шагнал гардуулсан шигээ аялаж яваа нь дургүйцэл төрүүлж байна. Цас шуургатай тачигнасан хүйтэн өвлөөр алтанд шунасан нөхдүүдийг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж байгаа иргэдээ нэг хараасай эрхэм ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ.
Газар шорооныхоо төлөө тэмцэж өлсөглөн зарласан иргэдээ дэмжиж нийгэмд гадуурхагдсан ядарсан иргэд хүртэл шил лааз түүж олсон мөнгөө хандивлаж байна. Хэдийгээр шил, лааз түүж амьдралаа зогоодог ч эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэл тэдэнд бий. Гэтэл төрийн сэнтийд зөөлөн суудал дээр заларсан арчаагүй хэсэг нөхөд гахаж цадатлаа өөрсдийгөө л хоололсоор алтанд шунаж эх орноо худалдахаас ч буцахгүй байна. Ичмээр, жигшмээр, гутмаар юм даа…
Эх сурвалж: Шуурхай.мн