Хонь жилийн босгон дээр онгол улс 3 сая дахь иргэнээ хүлээн авч, тэр өдөр мэндэлсэн 180 нярай 3 сая дахь иргэний чацуутан болсон түүхэн үйл явдлыг улс даяар тэмдэглэн өнгөрүүлсээр байна. Өвөрхангай аймагт 3 сая дахь иргэний ойрын чацуутанаар 2, үе чацуутнаар 6 нярай мэндэлснээс БОЭТ-д 5, Хархорин нэгдсэн эмнэлэг, Есөнзүйл сумын сум дундын эмнэлэг, Хужирт сумын эрүүл мэндийн төвд тус бүр 1 мэндэлсэн. Үүнээс Есөнзүйл сумын сум дундын эмнэлэгт төрсөн эх Бямбадуламын охин Өвөрхангай аймгийн ойрын чацуутнаар, БОЭТ-д төрсөн эх Нарангаравуугийн хүү Булган аймгийн ойрын чацуутнаар бусад 6 нярай үе чацуутнаар тус тус бүртгэгдсэн.
Эрүүл мэнд, спортын яамнаас 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг эх барьж авсан “Хүйн ээж” болох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, Монгол Улсын 3 сая дахь иргэн болон чацуутныг эх барьж, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” гардуулах ёслолын арга хэмжээг улсын хэмжээнд 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.
Өвөрхангай аймагт 3 сая дахь иргэний ойрын чацуутныг эх барьж авсан БОЭТ-ийн эх баригч С.Сумьяахүү, эх барих эмэгтэйчүүдийн эмч З.Мөнхбат, Ч.Таалай, эх баригч Ц.Чанцалням, Есөнзүйл сумын сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч М.Уламдэлгэр, Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эх баригч Д.Чанцалдулам, Хужирт сумын эрүүл мэндийн төвийн эх баригч О.Саранцэцэг нарт аймгийн ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа баяр хүргэн, түүхэн үйл явдлын гэрч болсныг алдаршуулах “БАТЛАМЖ” -ийг гардуулж өглөө.
Дээрх батламжийг гардан авсан “хүйн ээж”-үүдийн дундаас эмч Ч.Таалай нь 1988 онд Монгол улсын 2 сая дахь иргэний үе чацуутныг Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд эх барьж авч байсан бол 3 сая дахь иргэний үе чацуутан 2 нярайг БОЭТ-д эх барьж түүхэн үйл явдлын дахин гэрч болж байгаа нь “хүйн ээж”-ийн бахархал болсон онцлог үйл явдал боллоо.
Эмч Ч.Таалай нь өдгөө эрүүл мэндийн салбарт хүүхэд нярайн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээр 30 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын АУ-ны магистр, клиникийн профессор хүүхдийн ахлах зэрэгтэй эмч хүн юм.