Өөрийн эзэмшдэг галт зэвсгээр бусдын амь насыг хөнөөсөн хэрэг Солонгос улсад сүүлийн 2 өдрийн дотор 2 удаа гарлаа. Эхний удаагийн гэмт хэргийнулмаас 3 хүн, өнөөдөр өглөө гарсан гэмт хэргийн улмаас 2 хүн амь насаа алдсан ба гэмт этгээдүүд нь амиа хорлосон юм.
Өнөөдөр Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Хуасон хотын орон сууцанд зэвсэгт этгээд эхнэр, нөхөр хоёрыг буудаж хөнөөгөөд амиа егүүтгэсэн. Хохирогчид нь 80 гарсан настай хүмүүс байсан бол зэвсэгт этгээд нөхрийнх нь дүү байжээ. Халдлагын үеэр бэр нь цонхоор зугтаж, цагдаа дуудсан байна.
Солонгос улс нь ан агнах зориулалттайгаар буу эзэмших эрхийг иргэддээ өгдөг боловч тодорхой заасан орон нутагт, ан агнах хугацаа эхэлсэн үед л тэдэнд бууг нь олгодог ба бусад үед дээрх буунуудыг оршин суудаг дүүргийнхээ цагдаагийн хэлтэст хадгалуулдаг хуультай ажээ.
Гэвч ан агнах хуулийн хугацаа эхэлсэн байгаа энэ үед тэдэнд бууг олгох ямар нэгэн хориг байхгүй бөгөөд үүнийг ашиглан буугаа авсан даруй эд хөрөнгө, өс хонзон, зээлсэн мөнгөө нэхэх асуудлаар бусдын гэрт очин улмаар буугаа хэрэглэн бусдын амь насыг хөнөөсөн хэрэг үйлдэгдсэн байна.
Тиймээс цаашдаа галт зэвсэг эзэмшигчдэд бууг олгохдоо тухайн үеийн нөхцөл байдлыг сайтар тодруулан шалгаж, бууг зөвхөн хэрэглэх ёстой орон нутагт нь хэрэглэх шаардлага тавьж, өөр зүйлд ашиглах магадлал ихтэй бол өгөхөөс татгалзах зэрэг арга хэмжээ авч, тэдэнд тавих хпналтыг эрчимжүүлэх болсон байна.