Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун болон хорооны гишүүд Чингэлтэй дүүргийн 8-р хэсгийн хороо, Сүхбаатар дүүргийн 10-р хэсгийн хороо, БЗД-ийн 49, 50-р хэсгийн хорооны сонгуулийн бэлтгэл ажилтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн 8-р хэсгийн хороо нь 1500 гаруй сонгогчидтой, нийт сонгогчдод сонгуульдаа оролцох урилга, заавар зөвлөгөөний хамт хүргүүлжээ. Зөөврийн хайрцгаар 10 хүн санал өгөхөөр бүртгүүлжээ. Сүхбаатарын дүүргийн 10-р хэсгийн хороо 1853 сонгогчидтой, үүнээс 79 иргэн шилжиж 1774 сонгогч санал өгөх бөгөөд зөөврийн хайрцгаар 4 иргэн санал өгөхөөр бүртгүүлжээ. Хэсгийн хороодууд саналын хуудас, санал авах машинаа цагдаагийн ажилтны хамгаалалтад авч, харуул хамгаалалтыг гаргасан байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг хангахад аливаа хүндрэл бэрхшээл гарахгүй байгаа боловч зарим хэсгийн хороо тухайлбал БЗД-ийн 50-р хэсгийн хорооны санал өгөх байр нь 2 давхарт байрлаж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд санал өгөхөд хүндрэлтэй болохыг хэсгийн хорооны дарга хэлсэн. Бүх хэсгийн хороодыг бүрэн камержуулаад байгаа бол хяналтын дэлгэц, санал өгөх бүхээг, хэсгийн хорооны байрыг тохижуулах ажил хийгдэж дуусаагүй байгаа юм. Тиймээс нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун “Хугацаа байгаа гэж хойш суулгүй, бэлтгэл ажлаа бүрэн хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөх нөхцөл бололзоог маш сайн бүрдүүлэх, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд нийслэлийн Сонгуулийн хороонд яаралтай мэдэгдэж, зөвлөгөө, дэмжлэг авах”-ыг үүрэг болголоо. Нийслэлийн нийт хэсгийн хороонд ажиллаж буй иргэний бүртгэлийн ажилтнууд 06 сарын 24-нд нэгдсэн мэдээллээр хангагдаж, сургалтад хамрагдах юм. Амралтын өдрүүдээр нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд СХД-ийн зарим хэсгийн хороодын сонгуулийн бэлтгэл ажилтай танилцана. Харин 06 сарын 25-ны 11 цагаас Нийслэлийн Сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийж, нийслэлийн сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хийгдсэн талаар сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.
Хэсгийн хороодыг хамгаалалтанд авав
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн дагуу саналын хуудсыг хэсгийн хороодод хүргүүлсэн өдрөөс эхлэн буюу өчигдрөөс хэсгийн хороодыг цагдаагийн хамгаалалт авчээ. Энэ удаагийн сонгуульд орон нутагт хүргүүлсэн саналын хуудсыг сонгогчдийн тоогоор хүргүүлсэн бөгөөд сонгогчид ямар нэг алдаа гаргахгүй, буруу тэмдэглэгээ хийхгүйгээр саналаа бөглөх юм байна.
Улсын хэмжээнд шуурхай удирдлагын штабуудыг байгуулж дууссан бөгөөд сонгуулийн санал авах 1896 хэсгийн хороо байгаагаас 368 нь нийслэлд, 1528 нь хөдөө орон нутагт байрлаж байгаа аж. Хуульд заасны дагуу хэсгийн хороодын байрыг хамгаалалтад авах ёстой бөгөөд сонгуулийн үеэр 1896 хэсгийн хороонд 2673 албан хаагч ажиллахаар болсон байна.