Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаарх санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо. Жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм. Монголын эмэгтэйчүүдийн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил бүр “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа “Эмэгтэйчүүдийн нүдээр төрийн хариуцлага” гэсэн сэдвээр чуулганаа хийсэн байна. Үндэсний аюулгүй байдал, хүний болон эдийн засгийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал зэргийг уг сэдвийн хүрээнд хөнджээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид төлөөлөгчид төрсөн өдрийн мэнд дэвшүүлж ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өглөөний цай-уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Та бүхэн өнөөдөр улс төрийн маш өргөн асуудлуудыг хөндөж ярьсанд талархаж байна.
Энэ жилийн хувьд шүүх, прокурорын байгууллага, олон нийтийн эрх зүй, байгаль орчин, бусад асуудлаар шийдвэр гаргахад туслах чиглэлээр сургалт явуулж, санал солилцъё гэсэн санаа гарч байгаа нв зөв юм. Хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна. Шүүхийн ерөнхий зөвлөл энэ ажилд нааштай хандах байх гэж бодож байна.
Ашигт малтмалын лиценз зогсоосон асуудлын тухайд аливаа юм олон талтай. Хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан, Монголын эдийн засаг унасан зэргийг үүнтэй холбодог болоод байгаа. Лицензийг зогсоогоод хэсэг харахдаа өнгөрсөн хугацаанд дутагдалтай байсан зүйлүүдийг засуулах л гэж үүнийг хийсэн шүү дээ. Зүгээр л гадна, дотнын хэн нь мэдэгдэхгүй цаас барьсан хүн ирээд л Монголын газар нутаг дээр хайгуул хийх эрх аваад, өөрийн юм шиг эзэмшээд, орон нутгийн хүмүүсийг хүндэтгэж үзэхгүй дайраад байдгийг зогсооё л гэсэн. Ус булаг, тахидаг, шүтдэг уул гээд янз бүрийн асуудал их гардаг байсан. Энэ бүхнийг л зохицуулах гэж хийсэн ажил. Эдийн засаг, санхүүгийн чадавхитай, хүний нөөцтэй, хайгуул хийх чадвартай гээд шалгууруудыг маш өндөр түвшинд гаргах шаардлагатай байсан. Энэ талаар хууль тогтоомж боловсруулж, дахин хориг тавьж буцсаар өнгөрсөн жил 7 дугаар сард батлагдсан. Олон нийтийн байгууллагуудын зүгээс одоо үүнд анхаарах, хяналт тавих хэрэгтэй.
Нэг үе эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлыг дан эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгодог байсан. Одоо энэ бол Монголын асуудал. Нийгмийн асуудал. Бид зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал тойрч ярьдаггүй, улс төрийн тогтолцоо, Үндсэн хуулийн асуудлыг тойрч ярьдаг. Төрийг яаж барьж байгаа, үүнийг яаж засах вэ гэдэг талаар ярьдаг, санал онолоо гаргадаг, шийдэл олохын төлөө явдаг гэсэн ийм өргөн хүрээтэй болж байгаа нь сайн юм.
Миний өөрөө боловсруулаад, УИХ-аар батлуулах гэж зүтгэж байгаа хуулиудыг авч үзвэл үлдэж байгаа хугацаанд багтахгүй олон байгаа юм. Хариуцлага нэхдэг, гишүүдийг эргүүлэн татдаг, Ерөнхийлөгчөөсөө эхлээд УИХ-ын гишүүд, сонгогдсон, томилогдсон бүх албан тушаалтан ямар хариуцлагатай байх вэ, юуг зөрчвөл зөрчил гэж үзэх вэ гэсэн хуулийн төслүүд байгаа. Хариуцлага тооцох асуудал тодорхой биш учраас түүнийг тойроод 20 хэдэн жил болсон. Захиргааны хариуцлагын хууль гэж маш чухал хууль оруулсан. Захиргааны шүүх гэж аль дээр үед гаргасан. Гэтэл хуулийг нь батлаагүй. Замын цагдааг томилоод дүрмийг нь баталж өгөөгүйтэй адилхан.
Шилэн дансны хууль дээр уг хуулийг хэрэгжүүлээгүй бол олон нийтийн байгууллага, иргэн, иргэний нийгмийн байгууллага нэхэмжлэл гаргаад тухайн албан тушаалтныг огцруулах хүртэл, шүүхээс хариуцлага тооцуулах хүртэл явуулах гэсэн заалт оруулахад яг тэр амин сүнс болсон заалтыг нь УИХ дээр хасч хаясан. Нэг сая төгрөгөөс дээш зардлыг ил харуулна гэхэд 5 сая төгрөг болгосон. Зардлын тайланг 72 цагийн дотор гаргах байтал 7 өдөр болгох жишээтэй. Юмыг дандаа ингэж саармагжуулдаг. Гэхдээ олон зохицуулалт ороод явж байгаа. Цаашдаа улам сайжраад явах байх.
Манай иргэний нийгмийн байгууллага, идэвхтэй иргэд санаа тайвшраад суух ямар ч боломж байхгүй. Үргэлж л асуудлыг эрж байх хэрэгтэй. Давтаж ярьж байх хэрэгтэй.
Улс төрийн намуудын тухай хууль дээр хамтарч ажиллахаар болж байна. УИХ-ын гишүүд түүнийг өөрсдөө өргөн барина гэж байгаа. Тэд бидний оруулахыг хүсч байгаа зохицуулалтыг оруулж чадвал сайн л байна. Ерөнхийлөгч өргөн баривал УИХ-д сууж байгаа намуудын эрх ашгийг хөндөх учраас баталж өгөхөөргүй байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар би санаачилга гаргаж Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийгээд, өөрөө үг хэлээд, тулгамдаж байгаа асуудлуудыг ярьж байсан. Бид тохироод Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг тусад нь хууль болгож гаргая гэж тогтож байсан. Хуулийн төслийг Засгийн газраас өргөн барихаар болоод Х.Тэмүүжин сайд байхдаа өргөн барьсан. Д.Дорлигжав сайд гарч ирээд буцаагаад татсан. Энэ хууль Эрүүгийн хууль бусад хуультайгаа зохицох, нийцэх ёстой гэсэн. Эдгээрийг нийцүүлээд дахин өргөн барих боломжийг харж байгаа. Яг хэрэгтэй хууль ингээд хойшлоод байгаа. Хойшлоод байхаараа амин сүнс болсон гол заалтууд нь суларчихдаг. Зохицуулалтгүй болдог. Эсвэл алга болдог. Ийм аюул байдаг.
Сая нийгэмд шуугиан дэгдээсэн асуудлыг 2 жилийн өмнөөс яриад, зохицуулалтуудыг нь оруулаад, хийгээд, ингэж анхааръя гээд явсан байсан. Эцсийн шийдвэр болж батлагдаагүй л байна. Үүн дээр бүгдээрээ нэгдмэл ойлголтод хүрвэл яасан юм бэ.
Бүр болохгүй бол би УИХ-ын хаврын чуулган эхлэхийг хүлээлгүйгээр өргөн баримаар байна. Хаврын чуулганаар Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлуулмаар байна. Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар бид ярьсаар байгаад Эрүүгийн хуульд нэлээд хэдэн заалт оруулсан. Гудамжинд явж байгаад нэг хүн алгадчихад гэмт хэрэг болж байдаг. Гэтэл гэртээ эхнэрээ зодчихсон байхад ахуйн зөрчил гээд орхидог. Одоо үүнийг аль алийг нь гэмт хэрэг гэж үздэг байя. Эрүүгийн хуульд оруулсан зүйл зарим нь нэлээд бүдэг байгаа. Үүнд би хувьдаа шүүмжлэлтэй ханддаг. УИХ-ын зарим эмэгтэй гишүүн үүнийг нэлээд анхаарсан байна лээ. Гэр бүлийн хүчирхийлийн асуудлаар сэтгэл зүрх нь өвддөг гишүүд ажлын хэсэгт хамтарч ормоор байна.
Эрүүгийн шинэ хуульд хүний эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудал, хар тамхитай холбоотой асуудал маш их бүдэг орсон. Тийм байх юм бол учир утга алга. Эрүүгийн хууль дээр Ерөнхийлөгчөөс өгөх санал байж болно” гэлээ.
Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийн тайлбарласнаар Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төсөл бэлэн болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч түүнийг УИХ-д өргөн барихаар боллоо.