Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг Мааньзавын 5-5 тоотод иргэн Э нь өөрийн гэртээ 2014 оны 04 дүгээр сарын 21-ний орой хохирогч Т-гийн баруун гарын бугалган тус газар нь нэг удаа хутгалж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэргийг үйлджээ.
Дээрх эрүүгийн хэрэгт Дорноговь аймгийн прокурорын газраас 2015 оны 01 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сум дундын 8 дугаар шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шүүхээс хэргийг 2015 оны 02 сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жил 1 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р баг Энхтайваны гудамжны 3-03 тоотод Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М, И нарыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож, догшин авирлаж танхайрсан, танхайн сэдэлтээр иргэн Х-гийн толгойн тус газар нь архины шилээр цохиж санаатай алсан, танхайрах явцдаа иргэн И-гийн эзэмшлийн 40 инчийн өнгөт зурагт руу сандал шидэж бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж 1.400.000 төгрөгийн эд материалын хохирол учруулсан үйлдэлд Дорноговь аймгийн Прокурорын газраас хяналт тавьж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 153 дугаар зүйлийн 153.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сум дундын 8-р шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүх хэргийг 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г-д холбогдуулан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Г-д оногдуулсан хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.