Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга албан тушаалтай Д.Тогооням нарт холбогдох хэргийг 2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр дүүргийн эрүүгийн I шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв.
Д.Тогооням нь Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говь Гурван Сайхан” ХХК-ийн захирал н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хээл хахууль авчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний чанарын баталгаат хугацаанд гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор гэрээний үнийн дүнгийн 5-10 хувийг уг хугацаа дуустал барьцаалах” гэсэн заалтыг хэрэгжүүлэхгүй байх, санхүүжилтийг бүрэн олгох, мөн 2011 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Гал унтраах 65 дугаар ангийн барилгын гүйцэтгэгчээр “Говь Гурван Сайхан” ХХК-ийг шалгаруулахаар урьдчилан амласан бөгөөд 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өгөөж” ХХК-ийн урд автомашины зогсоол дээр 20 сая төгрөг авсан үйлдэл нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Дүүргийн эрүүгийн I шүүхээс Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн дарга Д.Тогоонямд 5.1 жил, н.Цэдэнсамбад 1.1 жилийн хорих ял оногдуулсан байна.