Хүн итгэхийн аргагүй харгис балмад, увайгүй эрчүүдээс охидоо хаана нуух вэ, бэлгийн дарамт мөлжлөг, хүчирхийллийг хэрхэн яаж зогсоох вэ гэдэг асуудал эх хүн бүрийн охинтой хүн бүрийн сэтгэлийг зовоодог. Тэгвэл өнөөдөр балмад танхай этгээдүүдээс гадна мөнгө, эрх мэдлийн амтанд орсон охидын ангуучдаас ч бас охид хүүхнүүдээ нуух хэрэгтэй болох нь. Монголчуудын ядуу даржин амьдрал, юм үзээгүй гэнэн цайлган, хөнгөн хийсвэр охид иймэрхүү ангуучдын золиос болж, нэр төр, амь, амьдралаараа хохирох нь элбэг болов. Одоогоос арав хүрэхгүй жилийн өмнө Ц.Мянганбаяр гэгч асар их мөнгөтэй, алтны магнат нэртэй эр гэнэт гарч ирж охидуудыг бээлий шиг сольж, ганц хоёрхон жил хамт амьдраад л амаа арчаад хаясан цаас шиг хөсөр орхиж багагүй дуулиан дэгдээсэн. Арван найман настай, хөрслөг бор царайтай, хөөрхөн нүдтэй гоо үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүдийн ангууч энэ эр Монголын дизайнеруудын холбоог толгойлж, загвар өмсөх хүсэл, од болох мөрөөдөл, амар хялбар амьдрах сонирхолдоо хөтлөгдсөн олон охин Мянгаагийн амраг нэртэй, нэг нэг хүүхэдтэй болж үлдсэн. Ашгүй Мянганбаяр дампуурч охид хүүхнүүдтэй холбогдсон гэдэг дуулиан нь арайхийн намжиж, түүнтэй нэр холбогдсон арав гаруй бүсгүйн чих амарч байтал Монголд дахин нэг Дон Жуан гарч ирсэн нь Монголын тэргүүн баян Нямтайширын хүү, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр. Монголын хамаг л том ордод эзэн суусан Нямтайширын хүү, “Явдаг АТМ” гэж нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Номтойбаяр өнөөх муу нэр луу данстай Ц.Мянганбаяраас ч долоон дор бололтой. Тэрээр Ц.Мянганбаяраас илүү хөрөнгөтэй. Бас Ц.Мянганбаяраас илүү эрх мэдэл, сэтэртэй. Ц.Мянганбаяр Дизайнеруудын холбооны Ерөнхийлөгч гэсэн сэтэртэй байсан бол Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн гэдэг том цолтой.
Түүний нэр холбогдсон хүүхнүүд хэдхэн жилийн дотор гарын арван хуруунд багтахааргүй болоод байна. УИХ-ын эрхэм гишүүн Н.Номтойбаярын өврийг дулаацуулсан охид хүүхнүүдийн нэрсийн жагсаалт Ивээл, Үзмээ, Туяа, Аятунгаа, Зулаа, дахиад Зулаа, Агий, Агиймаа, Ариука, Оюука, Мандухай гээд л хөвөрч өгнө. Хамгийн сүүлд тэрээр төрөөд хэдхэн сар болж байгаа нялх биетэй эхнэрээ орхин “Киви” хамтлагийн дуучин Агий хэмээх сайхан охины толгойг эргүүлэн Европт зугаацаж яваад ирсэн тухай хэвлэлүүд ид шуугиж байна.
Олон жил Н.Номтойбаярыг дагасан бие хамгаалагч нь хүртэл түүнийг балмад ширүүн ааштай хүүхэн хүртэл хүчиндэж байсан гэдэг мэдээлэл тараасан. Үнэхээр ч Н.Номтойбаяр гэгч энэ эртэй холбогдсон хүүхнүүдийн амьдрал өгсөж биш уруудаж нэр нүүрээ бараад л дуусдаг гэсэн явган яриа хүртэл гарчихаж. Ц.Мянганбаяр гэгч хүүхэмсэг эр салсан хаясан хүүхнүүдээ арай ч гудамжинд орхидоггүй, ядаж л байр машин өгөөд нэг нэг хүүхэд тэврүүлээд салдаг бол эрхэм гишүүн Номтойбаяртай холбогдсон ихэнх хүүхнүүдийн амьдрал бараан сүүдэртэй үлддэг гэнэ. Түүний удаахь золиос нь өнөөгийн рок попын тайзнаа тoд гэрэлтэж буй халуухан охидын хамтлаг “Киви”-гийн отгон гишүүн П.Алтанцэцэг болж таарав. Н.Номтойбаяр нүд булаам гоо үзэсгэлэн, залуу халуун нас, бахдам авьяас гээд урин тачаангуй энэ охиныг хөнгөхөн зугаагаа болгоод орхих нь бас л тодорхой болж байх шиг байна.
Муу нэрийг хусавч үл арилна, сайн нэрийг хүсэвч үл олдоно гэсэн үг бий. Эрх мэдэл, их мөнгөний амтанд орсон Н.Номтойбаяр дахиад ямар сайхан охидын амьдралаар тоглож зугаагаа гаргах бол гэсэн айдас нэг биш хүний сэтгэлийг өвтгөж эхлэв. Одоо эцэг эхчүүд минь, харцуул минь Ц.Мянганбаяраас биш Н.Номтойбаяраас охидоо харамлах, хамгаалах цаг ирэв бололтой шүү.
Г.Онон