Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар гэх эрхэм төрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, ойр тойрныхоо хэдэн нөхдийн төсвийн өмч хөрөнгийг хэрхэн хувьдаа завшиж байдаг тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэдний эл хэрэг эдүгээ хууль шүүхийн байгууллага, АТГ-т шалгагдаж байгаа гэнэ билээ.
Гэтэл “дайран дээр давс” гэгчээр Налайх дүүргийн Засаг даргын орлогч М.Одонхүүгийн тухай “хар бараан” баримтууд гарч ирэх болжээ. Тэрээр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч болохоосоо өмнө танхай болон залилан эрүүгийн гэмт хэрэгт орооцолдож байсан хэдий ч 2012 оны орон нутгийн сонгуулийн өмнө энэ асуудлаа “хав дарж”, “энхийн цагаан тагтаа” шиг царайлан сонгуульд оролцож байжээ.
Түүний хууль бус үйлдэл “даравч далдайна, булавч бултайна” гэгчээр өдгөө нийтэд ил болжээ. Түүгээр ч зогсохгүй сонгуульд нэр дэвшигч нь ял шийтгэлгүй байх ёстой хуулийн заалтыг зөрчин сонгуульд нэр дэвшигдэхдээ тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнаар ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт гаргуулж авсан нь одоо нэгэнт тодорхой болжээ.
Ийм хүн Х.Болдбаатар даргын “баруун гар” болж өнгөрсөн 3 жилд түүнтэй гар нийлэн ажиллахаар дүүргийн үйл ажиллагаа доголдолгүй яах вэ гэж хэлэх хүмүүс олон байна.
Ц.Мөнх