Молом Тойны эхийн ачийг хариулсан судар

buddha-head-eightfold-pathЭрт нэгэн цагт Лаваг хэмээгч, Бурхан багшийг өөд болон байхын цагт эцэг хаан, ах дүү нарын хамт Бурханыг тахиж бурсан хуврагуудад өргөлийг өргөж өгөөгүй  гуйлгачинд өглөг өгч, олон мал адгуусаа захираад олныг зөвөөр тэтгэн сууж, буяныг ихэд үйлдэж номуудыг олон хуврагуудаар уншуулан барьц барьж эцэг эхээ өргөн, Бурханыг хүндэлж сайхан амгалан жаргалангаар суувай. Тэндээс олон онд жарган суусны хойно Лавагийн эцэг наснаас эцэслэсэнд, хүүрийг авдарлаж оршуулаад олон бодисун хуврагийг залж, ном буян ихэд үйлдэж , үгээгүй   ядууд өглөг ихэд өгвөө. Түүнээс хойно ашиг эрээр худалдаанд явахыг сэтгэж эхээс бошиг гуйн явсугай хэмээгээд эхдээ мөргөн айлтгав. ”Би худалдаа ашиг эрээр одъё эх минь. Сэтгэлд ямар буй” хэмээн асуун өчив. Эх нь боолчууд ноёдод өгүүлрүүн ” Дотоод сангийн алт ба мөнгө юмийг гарга” хэмээв. Тэндээс тэдгээр боолчууд сангийн юмийг нягтлан гаргаваас шижир алт гурван мянган лан байжээ. Түүнийг Лаваг гурав хувааж нэг хувийг гэрийн тариаланд, нэг хувийг гурван эрдэнийг тахихад, нэг хувийг нь худалдаанд авч одсугай гэв. Тэндээс эх нь маш их баясч, чи сайн хөвгүүн минь гадагш одвоос өчүүхэн сэтгэлийг барьж худалдаа ашгийг маш их олон, үтэр түргэн харьж ир хэмээв. Тэндээс Лаваг Ил хөвгүүний хамт морьдоход тэднийг үдээд тэдгээр олон албат иргэд гэр гэртээ харьцгаав. үүнийг өөрийн эмс ба хүүхэдтэйгээ зөвшин хэлэлцэв. Ай уршиг ихт Молом хатан Лавагийг гадагш одоход маш баясч байна. Нэг хувь шижир алтыг газарт ус мэт асгах буй заа хэмээлцэв. Тэндээс бас Лаваг гадагш худалдаанд одоход энэ насанд сайн боловч эцэст нь зовох ажгуу хэмээлцэн гаслалцаж тарав. Молом хатныг муулан хэлэлцсэн нь : Молом хатан нүгэл ихтэй хүн бөгөөд олон иргэд нь ихэд зовов. Амрах ёс нь үгүй болов хэмээв. Жич тэндээс Молом хатан нь Лавагийг гадагш худалдаанд одсон хойно хуврагууд цуглан Бурханыг тахиж, тахил бэлэг бэлтгэж олон ном уншихуйг Молом хатан: миний чихэнд бүү сонсго, нүдэнд минь бүү  үзүүл хэмээгээд Бурхан тахилуудыг хураан унагаж орхиод олон хуврагуудыг урт модоор жанчин хөөн явуулаад хурал номыг тасалж мууд үзээд хүнд их хилэнц, нүглийг дураар үйлдэж суув. Молом хатан гадагш худалдаанд одсон хойно мөнгөөр олон мал худалдан авч тарган болгож амт нь сайхан болно хэмээн модноос өлгөж амьд биеийг мунаар занчиж цус нөжийг биенд хуруулж алуулж мах ясыг сонгино саримсаар найруулж архи дарс тэргүүтнийг хольж идэн жаргавай. Бас загасыг амьдаар халуун тогоонд хавхаглан хуурч идэв ээ. Бас галуу тахиа, нугас зэрэг шувуунуудыг амьдаар нь мөн халуун тогоонд хавхаглаж, шувууд өөрийн хошуугаар үсээ зулгаан дэвссээр үхэхэд махыг нь давстай хольж идэв ээ. Бас гахайг амьдаар нь зүрхийг нь сугалан аваад муу хар зүгийн онгодыг тахиад элдэв зүйлийн нүгэл үйлдээд жарган сууваа. Чингэж  жарган суутал нэгэн өдөр зарц охин ирээд ийн өгүүлрүүн: Өмнө зүгээс Ил айсуй гэв. Молом хатан : Түүнийг бурхны байшинд бүү оруул, гэрийн хүн бүгд шалав наашаа ирэгтүн, ширээ сандал тэргүүтнийг тавиад ариун сайхан бэлэг тахил тавиад бурсан олон хуврагийг залж хурал ном уншуулж, орон байшинг арчин цэвэрлэж янзтай байлга.Түүний сүүлд  Илийг нааш нь оруул хэмээв. Илд худал сайхан үгс  өгүүлэв. Би буяныг сайтар үйлдэж суув. Очиж шүтээнээ үз гэхэд нь Ил очиж үзвээс ширээ сандал дэвсгэр тахил, бэлэг ба зул хийж шатсаар байгааг үзэж олон хуврагууд сая тархсан мэт ажээ хэмээн санав аа. Тэндээс Ил даруй түргэн буцаад ах Лавагийн өмнөөс угтан одоод сөгдөн ийн айлтгав.
 Бидний худалдаанд одсоноос хойш гурван жилийн дотор хатан эх маань Бурхан шүтээн ба бурсан хуврагуудыг залж ном уншуулах, бацаг санваар сахих, ядуу гуйлгачинд өглөг өгөх тэргүүтэн элдэв зүйлийн буян асар их үйлдсээр сайн сууж амой хэмээвээс Лаваг асууруун : ээжийн буян үйлдсэнийг яаж мэдэв хэмээхэд Ил өгүүлрүүн : би сүмд орж үзэхэд ширээ сандал тахил балин тавьсаар , хүж шатсаар байна, олон бурсан хувраг сая тарсан мэт байв гэхэд Лаваг энэ үгийг сонсоод хөх огторгуйд залбирч мөргөв. Тэндээс Лавагийг ирсэнийг ах дүү  иргэд бүгдээр сонсоод балгасанаас гадагш гарав. Лаваг их холоос огторгуйд залбиран айсуйг үзэж тэр угтсан албат иргэд Лавагийг хүрч ирмэгц ийн айлтгав аа: Та холын аянаас ирэхэд өмнө чинь бурхангүй, хойно чинь тэнгэргүй атал юуны тул мөргөнө вэ гэхэд Лаваг өгүүлрүүн : эх юүгээн буян үйлдсэнийг сонсоод гурван эрдэнэд мөргөлөө би хэмээв. Тэдгээр нь хариу өгүүлрүүн: чамайг одсоноос хойш гурван жил болоход Молом хатан эх чинь гурван эрдэнийг үл хүндлэн бурсан хуврагуудыг жанчив, олон адгуус мал алж нүглийг нэн их үйлдэв, бас амьтныг амьдаар модонд өлгөж жанчин алуулах ба тогоонд шувуу загас тэргүүтнийг шалзалж, гахайн зүрхийг амьдаар сугалан авч буруу онгодыг тахиж, элдэв зүйл хүнд нүгэл үйлдэж жарган сууваа. Бид улс бүгдээр чиний эхийн буян үйлдэж өглөг өгсөнийг эс сонсч эс үзэв хэмээн өгүүлэв. Лаваг энэ үгийг сонсоод муужран унав.Тэндээс өчүүхэн далирч хэвтвээс эх нь угтаж гадагшаа гарч ирэв. Эх нь Лавагийн гараас барьж нүдээ уйлах мэт таглан их дуугаар өгүүлэх нь : Ай хөвгүүн минь ашиггүй эд таваараа алдав уу, ямар учраас уйлан энэ мэт хэвтэв , амраг бид эх хөвгүүн гурвуул мэнд буй  атал юунд эс баясав гэхэд Лаваг эхдээ хариу өгүүлрүүн : Худалдсаны ашиг их олов, гагцхүү  чамайг адгуусны амь таслан элдэв зүйлийн хүнд их нүгэд хилэнц үйлдэв хэмээн сонсч чиний төлөө эмгэнэн хэвтэв хэмээхэд эх нь хариу өгүүлрүүн : Би гэртээ сууж адгуусны амь тасалж, буяны үйлсийг эс үйлдсэн бөгөөс би гэртээ хариад хүнд өвчин хүртэж долоо хоногийн эцэст егүүтсүгэй хэмээн ам алдав. Эхийн тэр үгийг Лаваг сонсоод гэнэт хатгасан мэт цочиж босоод эхийн хойноос даган гэртээ харьж ирэв Унтаж ирсэн албат нар гэр гэртээ тархан харьцгаав. Молом хатан гэртээ хүрээд нэгэн цаг болсон төдий өвчин хүртэж долоо хоногийн хойно үхэн егүүдэж одов оо. Тэндээс Лаваг эх юүгээн үхсэнд дотроо муу болон энэлэн шаналан уйлав аа. Бас Лаваг эхийн хүүрийг авдарлаад гэрийн хоймор тавьж эхийн хойт буяныг үйлдэхийн тул бурсан хуврагуудыг залж ном уншуулан буян үйлдэж дөчин есөн хоног дууссаны хойно эхийн хүүрийг гаргаж ууланд хүргэж тавиад бас эхийн хүүрийн дэргэд өвсөөр гэр барьж зуун өдөр эхээ бурхны хутаг бодь мөрийг олгох номыг чин сүсэг бишрэлээр уншин залбиран суув. Түүнээс дээд тэнгэр нар таван өнгийн буга болон хувилж амандаа цэцэг зууж ирээд эхийн хүүрийн өмнө тавив. Цагаан хун шувуу үүлнээс бууж ирээд нүднээс нулимс цувруулан, элдэв зүйлийн шувуунууд хошуугаар шороо зөөж тэр хүүр  дээр тавив аа. Лаваг тэдгээрийг үзэж маш их баясаад эдний бэлгийг яахин хариулна хэмээн сэтгэв. Бас яаран бурханчин хүн урин залж бурхны дээд бие лагшиныг зуруулж бүтээв.Өдөр шөнө тасралтгүй тахил мандал зул өргөж бурхны өмнө мөргөж эхийн минь сүнсийг үтэр түргэн тонилгон соёрх хэмээн хутаг гуйн залбиран мөргөв. Тэндээс гурван жилийн эцэс болсон хойно эх юүгээн нэрийг бичээд галд шатааж гэр бараа, алт мөнгө, эрдэнэ эд агуурс хувцас тэргүүтнийг олон бурсан хуврагуудад өргөв. Лаваг эр ганцаар хүн хоцров. Тэндээс Лаваг ертөнцийн муу үйлийг тэвчиж ялж төгс нөгцчисөн бурхан хаана бүхий тэнд одож гурвантаа мөргөж алга хамтатган мөргөөд ялж төгс нөгчисөн Бурханаа ийн айлтгав аа. Эцэг эх наснаас нөгчисөн хойтын буян ном үйлдэж байгаа бүхнээ дүүргэвээ би. Тойн болсон хойно ач тус юу вэ хэмээвээс ялж төгс нөгчисөн бурхан ийн хэмээн номлов оо.
Замбуутивийн хамаг амьтан сүсэг сэтгэл үүсгэж хэрэв хөвгүүн ба охин боол шивэгчин алиныг ч ялж төгс нөгчисөн бурхныг таалуулж тойн болговоос тус эрдэм нь найман түмэн дөрвөн мянган суврагыг эрдэнээр үүсгэсний ач үр мэт буян болно. Эцэг эх амьд бөгөөс нас буян дэлгэрнэ. Наснаас нөгчисөн бөгөөс тэнгэр хүний төрлийг олно хэмээн зарлиг болов оо.Тэндээс ялж төгс нөгчисөн бурхан амин гавьяат шарибударитан ийн хэмээн зарлиг болоруун : Түүний сахал үс тэргүүтнийг тойдож автугай хэмээвээс тэндээс ялж төгс нөгчисөн бурхан авшиг бошгийг төгс өгөөд алтан мудраа оройн дээр тавиж Лаваг нэрийг сольж дээд хувилгаан Молон тойн хэмээн нэрийдэв. Ялж төгс нөгчисөн бурхан дахин ийн номлов. Миний тоо томшгүй хамаг олон шавь нараас ганцхан Молон тойны Риди хувилгаан нь нэн дээд буюу хэмээв. Молон тойн ялж төгс нөгчисөн бурханд ийн хэмээн айлтгав. Эрдэнээр суварга үүсгэвээс ач тус ямар мэт болох хэмээвээс ялж төгс нөгчисөн бурхан хариу номлоруун : Суварга бүтээсний ач тус нь агуу их болоод амгалан жаргалангийн дээдийг олох магад болой. Жич бас тойн болсоны буянд үл хүрнэ. Тойн болвоос эвдэршгүй биеийг сайтар олно хэмээв. Молон тойн ялж төгс нөгчисөн бурханд бас ийн хэмээн айлтгав. Би аглаг газар одож даяанд суусугай хэмээвээс ялж төгс нөгчисөн бурхан хариу зарлиг болоруун : Бэрх наят ууланд одож даяанд сууваас болно. Молон тойн бас өгүүлрүүн : Тэр ууланд идэх тариа юу буй хэмээн өчнөөн бурхан зарлиг болоруун : Идэх тариа буй. Тэр газрын барс, чоно гүнцэгийн цагт үнэр амт маш бүрдсэн сайхан цэцгүүдийг зууж авчраад чамайг тахина гэв.Тэндээс Молон тойн бурханы зарлигийг сайтар сонсоод дотроо хэд баясан бурхнаас бошгийг гуйн мөргөөд бадир аягаа бариад огторгуйгаар үүл хүлэглэн даяаны газарт зорин одов оо.  Огторгуйд үүлээр явж Бэрх нэрт ууланд хүрээд нэгэн ариун газар олж үл хөдлөн даяанд суув аа. Тэндээс гурван жил болсоны хойно дотор нь гэгээн гэрэл
цацраад билигийн нүдээр гучин гурван тэнгэрийн орнгы тодрхой үзвээс эцэг нь буяны эрхээр хан хурмаст болон төрөөд тэнгэр нарын охидоор хүрээлүүлэн бас тэнгэр нарт түшиж элдэв жаргалаар цэнгэн суухыг үзэж Молон тойн маш баясаад бас эх Молом хатан хаана төрснийг эс үзээд миний эх ертөнцөд амьд явах цагтаа Аврал гурван эрдэнийг тахиж хүндэлсэнгүй, адаг ядуу гуйлгачинд өглөг өгсөнгүй тул асар муу заяанд төрсөн буй заа хэмээн дотроо гуниг сэтгэл төрж Бэрх нэр уулнаас бууж хувилгаан шидээр Огторгуйн уулаар нисэн явж ирээд ялж төгс нөгчисөн бурхны хөлд оройгоороо мөргөөд алгаа хамтатган ийн өгүүлрүүн : Бурхан аа, эцэг минь гучин гурван хурмаст болон төрөөд тэнгэр нарын жаргалангаар жарган сууж амой. Миний эх Молом хатан амьд буй цагтаа бурхан ба бурсан хуврагуудыг эс хүндэлсэн ба буян үйлдсэнгүй , нүгэл их үйлдэж үхсэн тул хаана төрөл одов оо хэмээн айлтгав. Ялж төгс нөгчисөн бурхан ийн хэмээн зарлиг болов. Тойн аа, Чиний эх амьд бүхий цагт гурван эрдэнийг үл бишрэн амьтны амь таслан тачаангуй харам сэтгэлээ үл тэвчинэ хэв хэзээд муу үйл үйлдэж үхээд сац нүглийн хүчээр асар гурван муу заяаны доод тамд төрж амой хэмээн зарлиг болов. Тэндээс ялж төгс нөгчисөн бурхны зарлигийг Молон тойн сонсоод ихэд айн үхэдхийн унав. Унаснаас дээш босоод эх юүгээн энэрэн сэтгэж уйлаад бурханд бошигийг гуйн мөргөөд асар халуун , хүйтэн арван найман тамын оронд эх юүгээн эрэхийн тулд үйлээр нисэн одов. Молон тойн үүлээр явж хүрвэл зуурдын орон нь огторгуйн наран саран, одон чимэгч үгүй нэгэн гэрлийн тэмдэг ч үгүй хав харанхуй зуурдын оронд насны хэмжээнээс долоо хоног дутуу үхсэн, жил дутуу үхсэн, бас ус мөрөнд унаж үхсэн, мэс сүхэнд алагдсан, догшин моринд дайрагдсан, тэргэнд дайрагдсан, өөрөө боож үхсэн, цаг бусаар насны эцэст хүрч үхсэн амьтдын сүнс оршиж байгаад насны хэмжээ хүрвээс тэр зуурдын орноос гарч Эрлэгийн хаанд учирмой. Тэндээс Молон тойн тэдгээр амьтдаас ийн асуув.Та бүхний дотор Молом хатан хэмээх хүн байна уу хэмээвээс бид үзсэнгүй гэв. Молон тойн өгүүлэв.Амьд бүхий цагтаа буян эс үйлдвэл үхсэн хойно энэ мэт зовно хэмээгээд эхээ эрээр одов. Түүнээс халуун найман тамын нэгдүгээр дахин эдгэрэх там хүрвээс газар дэлхий нь улайтгасан төмөр мэт галт суваг өрвөлзөн шатаж тулалцсан дөрвөн хаалга төгөлтэй байна. Түүнд төрмөн амьтан их галын дотор шатаж арьс мах нь бүгд шалбарч хэсэг хэсэг болох ба бас гартаа мэс арьсан эрлэгүүд нааш цааш явж цохин унагааж байна. Тийнхүү үхэхэд огторгуйгаас дахин амьдар хэмээн дуудахад урьдах мэт эдгэрч дахин зовлонг цаглашгүй эдлэнэ. Жич: бас тэр тамын үүдэнд галт нурамд амьтныг эрлэгүүд жадаар хатгаж явуулахад тэдгээр амьтны арьс мах нь бүгд шалбаран унав. Насны нэгэн хэмжээ нь тамын нэг өдөр нь хүний 43200 жил болно.Энэ мэтээр таван зуун жил насална.Бас хонгор модонд дээш авируулваас өргөс доош харна.Бууваас дээш харна. Модны өргөс нь төмөр мэт өөд тэдгээр зовлонт амьтдын тархинд хутга жад мэт бууна, дорогш унаваас өөд нь хатгах хагачих зовлонг үлгэрлэж гүйцэишгүй ажээ. Молон тойн эх юүгээн эс олно. Бас хуран няцлах там хүрвээс тэндэх амьтдыг халуун төмөр мэт хоёр уулын завсар шахсанаас эрхтнүүд бүгдээс цус их гол мэт урсч зовлонг цаглашгүй эдэлж амой.Насны хэмжээ нь урьд мэт хоёр насална. Бас бааст тамд амьтныг оруулж өлсвөөс идүүлэн ундаасвааас шээс уулгахыг үзэж Молон тойн ийн хэмээн асууруун: Эдгээр амьтан ямар хилэнц үйлдсэн тул энэ мэт зовно хэмээв.Эрлэгүүд өгүүлрүүн: Амьд бүхийд тачаангуйг үйл тэвчин бөөс хуурс ба амийг тасалж, архи ба сармис ногоодыг идэж суусны нүглээр энэ мэт зовно хэмээв. Молон тойн дотроо машид гаслан ариун сайтар явбаас яахин энэ тамд төрөх аж хэмээгээд амраг эх юүгээн эрж үл олон чанагш одов аа.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …