Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн олон улсын эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид: Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө” уриан дор тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилгыг танилцуулан сурталчлах арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сү Нуюнт-У, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Наоми Китахари Монголын эх баригч нарын нийгэмлэгийн үндэслэгч, Японы Эх баригч нарын нийгэмлэгийн тэргүүн Киёка Окамото нар болон бусад 200 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Энэхүү арга хэмжээг нээж Дэд сайд Д.Атармаа Монгол улс нь хүн амаа өсгөх төрөлтийг дэмжих бодлоготой орон, төрөлтийн тоо 2007 оноос тууштай өссөн бөгөөд 2013 онд 79780, 2014 онд 81715 хүүхдийг эх баригчид маань эсэн мэнд төрүүлсэн бол 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 3 сая дахь иргэнээ хүлээн авсан түүхэн үйл явдал болсон нь эх баригчдын ажлын амжилт, Монгол улсын хүн амыг өсөхөд оруулж буй том хувь нэмэр юм” гэдгийг онцлов. Монгол улсын хэмжээнд 888 эх баригч ажиллаж байгаагийн 56 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд, 13,7 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд, 12,4 хувь нь амаржих газруудад, 14,4 хувь нь төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд ажиллаж байна. Манай улсын тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 54.2 хувийг нярайн, нярайн эндэгдлийн 81.4 хувийг нярайн эрт үеийн /төрсний дараах 0-6 хоногтой/ нас баралт эзэлж байна.
Номхон далайн баруун бүсийн орнуудад эхийн ба нярайн эндэгдэл өндөр бүс нутагт 2 минут тутамд шинээр мэндэлсэн нэг нярай эндэж, тав хүртэлх насандаа эндсэн хүүхдийн 54 хувийг нярай хүүхэд эзэлж байгаа судалгаа байна. ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн газар нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийн “Анхны тэврэлт” санаачилгыг хэрэгжүүлэхийг бүсийн орнууддаа уриалсан. ДЭМБ-ын “Анхны тэврэлт” санаачилга нь нярайн эндэгдлийг бууруулах, эхийн эрүүл мэндийг сайжруулах зорилготой юм.
Анхны тэврэлт гэдэг нь нь хүүхдийг төрсөн даруйд арьс арьсаар шүргэлцүүлэн эхэд нь тэврүүлэхийг хэлнэ. Нярайг төрмөгц шууд бүрэн хуурайшуулах, эхтэй нь арьс-арьсаар шүргэлцүүлэх, нярайг эхээс тусгаарлахгүйгээр хөхийг амлуулах зэрэг үйлдлийг тогтмол зөв хийж хэвшүүлснээр нярайг төрөх үед болон төрсний дараах эхний 24 цагт үзүүлэх тусламжийн чанарыг сайжруулахад чиглэгддэг арга хэмжээ юм. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж нь “Эхийн анхны тэврэлт”-ээр дамжуулан нярайн нас баралтын голлох шалтгааныг бууруулахад оршдог. Анхны тэврэлтийг хэдий чинээ удаан байлгаж хүүхдийг эхээс огт салгахгүйгээр амлуулах нь хамгаас чухал болоод байна. Хүн бүхнийг энэ орчлонд би ирлээ хэмээн дуу хадаан төрөхөд хамгийн түрүүнд алган дээрээ тосч авдаг хүн бол эх баригчид байдаг.
Айл гэрт аз жаргал бэлэглэдэг энэхүү баярын өдрөөрөө “Анхны тэврэлт” аяны тэргүүн байрыг “Хүрээ” амаржих газрын эх баригч Н.Цэнгэл, удаах байрыг Дорноговь аймгийн эх баригч У.Алтанцоо, гуравдугаар байрыг “Амгалан” амаржих газрын эх баригч Х.Цэвэгмид тэргүүн байрыг эзэлж энгэрээ мялаасан бол тус аянд амжилттай оролцсон эх баригчдыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Жуух бичгээр шагнагдлаа.