Багийн ахлагч Стивэн Жэррард зуны наймааны цонхоор клуб идэвхитэй ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тэрээр шинээр ирсэн тоглогчидтой аль болох хурдан уулзаж, хамтран бэлтгэл хийх өдрөө хүлээж буй хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ. Ахлагчийн хувьд мөрний бэртэл нь эдгэж, шинэ улирлын бэлтгэлдээ гарахад бүрэн бэлэн болсон байна.
Улаанууд одоогийн байдлаар Яго Аспас, Луис Албэрто, Симон Минолэт, Коло Турэ нарын 4 шинэ тоглогч авснаа зарлаад байгаа билээ. Ливэрпүүл зуны наймааны цонхоор тун хурдтай ажиллаж, наймаануудаа хийсээр байгаа бөгөөд хөгжөөн дэмжигчдийг 2013-14 оны улиралд сэтгэл хангалуун байна гэж найдаж байна гэж ахлагч хэлжээ.
Тэрээр одоо Португали улсад өөрийн буяны сандаа хандив цуглуулах гольфийн тэмцээн зохион байгуулж байгаа билээ.
“Шинэ тоглогчид авч буй мэдээг харах бүртээ би шинэ улирлын бэлтгэлд гарахаар яарч байна. Шинээр ирсэн залуус аль болох хурдан бэлтгэлдээ гарах нь үргэлж чухал байдаг. Тэд улирлын өмнөх бэлтгэлд хамрагдаж багийнхантайгаа түргэн ойлголцож, мэнэжэрийн тэднээр ямар хөлбөмбөг тоглуулахыг хүсч буйг сайн мэдэх хэрэгтэй”
“Сонирхолтой нэрс сонсогдож байсан бөгөөд бүгд л сэтгэл хангалуун байгаа байх”
Жэррард Испани залуусын талаар сайн мэдэхгүй болохоо хэлсэн ч, хамгийн гол нь Брэндан Рожэрсын наймааны бодлогод хамгийн ихээр итгэж байгаагаа илэрхийллээ.
“Би тэдний талаар маш бага мэдээлэлтэй. Гэхдээ би Брэнданд болон манай скаутуудын албаныханд маш их итгэж байгаа учраас тэднийг хамгийн зөв шийдвэрийг гаргаж чадсан гэдэгт итгэлтэй байна”
“Ирэх долоо хоногт ажилдаа эргээд орохоор маш их яарч байна. Шинэ залуусын юу чадахыг, тэд багийг хэр их хүчирхэгжүүлснийг харахыг хүсч байна. Ирэх улиралд баг маань Топ-4 –ийн төлөөх тэмцэлд хэр хүчирхэг өрсөлдөгч болсныг мэдмээр байна” гэжээ.
Мөн тэрээр ирэх улиралд Ливэрпүүлийн гарааны хаалгачийн төлөөх өрсөлдөөн “маш сонирхолтой” байх болно хэмээн дүгнэж байгаа бөгөөд энэ өрсөлдөөн нь багт тун ашигтай гэж үзэж байна.
Пэпэ Рэйна өөрийгөө Прэмьер Лигийн шилдэг хаалгачдын нэг гэдгээ олон удаа батлан харуулсан бөгөөд 2005 онд Анфилдэд газардснаасаа хойш өрсөлдөгчгүйгээр Ливэрпүүлийн 1-р хаалгач байсаар ирсэн ч одоо 1 дугаарын байрлалын төлөө Симон Минолэт хэмээх Бельги залуутай өрсөлдөх шаардлагатай болоод буй билээ.
СкайСпортсын сурвалжлагчид Жэррард хэлэхдээ: “Хэн нь Ливэрпүүлийн 1-р хаалгач байх вэ гэдэг нь мэдээж Брэндан Рожэрсын шийдвэрээс хамаарна. Мэнэжэр дэлхийн хэмжээний хаалгач болох Пэпэ Рэйнаг багтаа авч үлдэхийг хүсч буй тухайгаа ярьж байсан. Харин Минолэт бол гайхамшигтай улирлыг ардаа дөнгөж үдээд байгаа сайн хаалгач учраас энэ хоёрын хоорондох өрсөлдөөн эрүүл, шударга өрсөлдөөн болно гэдэгт итгэлтэй байна”
“Энэ маш сонирхолтой байна байх. Харин бүгдээрээ хөндлөнгөөс нүд салгалгүй ажиглаад л байж байя”
“Пэпэ тэмцэлгүйгээр өөрийн байрлалаа зүгээр өгчих хүн биш. Би түүний топ формтой байх үеийг нь мэднэ. Түүнийг би дэлхийн Топ 5 хаалгачдын нэгэнд зүй ёсоор багтана гэж үздэг. Тиймээс Минолэт тэр 2-ын өрсөлдөөнийг ажиглах нь тун сонирхолтой байна гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн ахлагч маань ярьжээ.
эх сурвалж: ливерпүүлфс.мн Нисдэг Чэстмир