Улсын баяр наадам дөхөж буйтай холбогдуулан малчид хот руу хонь, ямаа борлуулах нь ихэсдэг. Баяр наадмаар шинэ хонины шөл уужих сонирхолтой хотынхонд шөлний хонь дөхүүлж буй нь тэр юм. Гэвч замаас нь худалдаж аваад, үнэ нэмж зардаг ченж нарын нарийн аргыг шүүмжлэх хэдий ч зогсоож арга хэмжээ авч чадахгүй байсаар олон жилийн нүүрийг үзэж буй юм.
Энэ жил ч махны ченжүүд баруун аймгууд руу явах замд 22-ын товчооны ойролцоо хонь амьдаар нь худалдаж авч, нийслэлийн иргэдэд зарах ээлжит ажлаа эхлүүлсэн байна. 22-ын товчооны ойролцоо хашаа, хороо хатгаж хонь амьдаар нь зарч буй ченжүүд олон байгаа ч хонины үнэ өндөр байгаа ажээ.
Хамгийн хямддаа туранхай жижиг биетэй төлөгний үнэ 100 мянга байгаа бол бие гүйцсэн сайн эр хонь 260 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. 100 мянгаар зарагдаж байгаа төлөгний хувьд тараг тэвээрэг аваагүй, жижиг давжаа биетэй нь ийм үнэтэй байгаа аж. Гэхдээ 100 мянган төгрөгний үнэтэй төлөг олдоц тун ховор байгаа гэнэ.
Харин эр ямааны хувьд том жижиг, тарган туранхайгаасаа шалтгаалаад 100 – 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.
Ugluu.mn
Т.Түвшин