Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн урлаг, спортын тэргүүний сурагчид болон Хүүхэд, гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордонд урьж баярын мэндчилгээ дэвшүүлэв.
Багачуудын төлөөлөл энэ үеэр Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авахуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.