Өчигдөр Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны 65 дугаар конгрессийн ерөнхийлөгчийн сонгууль болсон билээ. Энэхүү сонгуульд FIFA-гийн одоогийн ерөнхийлөгч Йозеф Блаттер олонхийн саналаар улиран сонгогдлоо.
ФИФА /FIFA/-гийн Конгресс тус байгууллагын Швейцарийн Цюрих хотын төв байранд баасан гарагт хуралдаж, ерөнхийлөгчид нэр дэвшигч хоёр хүний санал хураалт дуусахад /Улаанбаатарын цагаар 02 цагийн үед/ Блаттер 133, Аль-Хусейн 73 хүний санал авсан бөгөөд гурван саналыг хүчингүйд тооцсон байна. Ерөнхийлөгч Блаттертай энэ удаагийн сонгуульд Иордоны жонон Али бин Аль-Хусейн өрсөлдсөн юм.
Сонгуульд FIFА-гийн гишүүн 209 орон бүгд оролцдог. Сонгуулийн эхний шатанд нийт саналын гуравны хоёрыг буюу 140 санал авсан нь шууд сонгогдог. Харин ийм санал авч чадаагүй бол дараагийн шатанд хамгийн их санал авсныг нь сонгох дүрэмтэй юм. Журмын дагуу II шатны санал хураалтыг явуулах байсан ч Иордоны жонон нэрээ татсанаар FIFA-гийн одоогийн ерөнхийлөгч Йозеф Блаттер ялж, дахин тус холбоог удирдах эрхтэй боллоо.
Конгресс нь FIFA-гийн удирдах дээд байгууллага бөгөөд гишүүнээр нь үндэсний холбоод багтдаг. Хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар оролцсон. Энэ удаагийн конгрессоор 2014 оны Бразилын хөлбөмбөгийн ДАШТ-ий эцсийн дүнг санхүүгийн тайланг гаргаж, FIFA-гийн 2011-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, 2016 оны төсвийг батлажээ.
www.garag.mn