Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан /аудитын шалгалт хийгдсэн /, 2012 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2013 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлыг өчигдөр болсон НИТХ –ын ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 2013 оны төсвийн тодотголд тусгуулахаар 579 төсөл, арга хэмжээний санал ирсэн байна. Эдгээрээс зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн Соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордонд их засвар хийж шинэчлэх, нийтийн эзэмшлийн гудамж талбайд гэрэлтүүлэг хийх, алслагдсан хорооллуудын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тээвэрлэх дунд оврын 10 ширхэг автобус авах, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори байгуулах зэрэг 42 төсөл, арга хэмжээг тодотголд оруулжээ. НИТХ-аар хэлэлцэхээс өмнө Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурал болон НИТХ-ын байнгын хороодоор хэлэлцүүлэн гишүүдийн саналыг авсан байна. Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, экологийн хороодын хамтарсан хурал 07 сарын 01-ны өдөр, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Гэр хорооллыг хөгжлийг дэмжих хороо, Өргөдөл гомдлын хороодын хамтарсан хурал мөн 07 сарын 01-ний өдөр, Төсөв санхүү эдийн засгийн хорооны хурал 07 сарын 02-ны өдөр хуралдаж, нийслэлийн 2013 оны төсвийн тодотголд оруулах саналаа хэлэлцлээ. 2013 оны төсвийн тодотголыг НИТХ-ын 07 сарын 04-ний өдөр болох ээлжит хуралдаанаар хэлэлцэн батлах юм байна.
Г.Сонор ugluu.mn