Залуу нас, царайлаг төрх хоёртоо эрдсэн бүсгүй ганц бие баян эрийг уургалахаар боджээ. Өөрийн санааг илэн далангүй бичсэн зарлалыг олны хүртээл болгохоос ч эмээсэнгүй.
«Би өөрийн хүсэл зорилгыг ил тод хэлэхээс айхгүй байна. Би 25 настай, царайлаг , биеэ маш сайхан авч явдаг, гоо сайхны мэдрэмж сайтай. Жилд дор хаяж 500 мянган долларын орлого олдог эртэй танилцаж гэрлэхийг хүсч байна. Намайг шуналтай гэж битгий бодоорой. Нью-Йоркад сая доллар дунд зэргийн цалинд тооцогддог шүү дээ. Би өмнө нь 250 мянгаас доош орлоготой залуучуудтай учирч байсан. Ийм мөнгөөр Нью-Йорк хотод сайхан амьдарна гэж байхгүй. Би гуйлгачин байхыг хүсэхгүй байна. Би түр зуурын зугаа цэнгэлийг хүсч байгаа юм биш, харин гэр бүл зохиохыг хүсч байна. Баян эрчүүдээс хэдэн зүйл асууя:
1. Ганц бие баян эрчүүд чөлөөт цагаа хаана өнгөрөөдөг юм бэ? Хаана амарч, зугаалж, спортоор хичээллэж, пиво уудаг юм бэ? Хаягийг нь өгнө үү!
2. Би хэд орчим насны эрд анхаарлаа хандуулбал зүгээр вэ?
3. Яахаараа олонх баячуудын эхнэрүүд тийм ч царайлаг биш, тэгээд ч хээгүй хувцасласан харагддаг юм бэ? Тэд яаж баян эрчүүдтэй гэрлэж чадсан юм бол?
4. Ямар бүсгүйчүүд насны хань болж, ямар нь түр зуурын найзаас цаашгүй гэдгийг та нар яаж мэддэг юм бэ?
Анхаарал тавьсанд баярлалаа. Гоо бүсгүй» гэж бичжээ.
Тун удалгүй бүсгүйн илэн далангүй захидалд Жей.Пи.Морганий CEO -с нилээд гүн утгатай хариу иржээ.
« Эрхэм гоо бүсгүй танаа
Таны захидлыг туйлаас сонирхож анхааралтайгаар уншлаа. Та их зөв асуулт тавьсан байна. Яг ийм асуултын хариуг өөр олон бүсгүйчүүд эрж байгаа гэдэгт итгэлтэй байна. Таны хайсан боломжит эрчүүдийн нэг болохоос гадна мэргэжийн санхүүч хүний хувьд танд хариу барихыг хүсч байна. Миний жилийн орлого 500 мянган доллар, иймээс би таны хайсан категорт багтах бүрэн эрхтэй байх. Гэхдээ л би тантай гэрлэхийг маш бодлогогүй, буруу алхам гэж үзнэ, учрыг нь одоо тайлбарлая.
Та миний мөнгөний оронд гоо үзэмжээ санал болгож байна. Энэ бол их эрсдэлтэй зүйл. Учир нь, миний санхүү жилээс жилд өссөөр, нэмэгдсээр байна, би алсын хараа, ухаалаг бодлогынхоо ачаар мөнгөө шалтгаангүйгээр алдахгүй. Харин таны гоо үзэсгэлэн жилээс жилд гундаж гандсаар эцсийн эцэст…ямар болохыг та өөрөө мэдэж байгаа байх. Ингээд үзэхээр таны санал болгож байгаа зүйл жилээс жилд үнэ цэнээ алдаж, нас ахих тусам таны “их мөнгө хийх” боломж багассаар байх болно. Бүх зүйл өөрийн гэсэн үнэ өртөгтэй, одоогоор таны капитал ийм үнэтэй байж (гэхдээ яагаад ч жилд 500 мянган $ хүрэхгүй гэж би бодож байна), тэгвэл 10 жилийн дараа яаж үнэ нь унахыг төсөөлөөд үзээч!
Иймээс үнэ нь унахаас өмнө та хувьцаагаа түргэн борлуулах хэрэгтэй гэж зөвлөх байна. Хэргийн учир нь, таны таалалд нийцэх орлоготой эрчүүд бол тэнэг хүмүүс огтхон ч биш, тэд (бид ч гэсэн болох юм) цаг зуурын гоо үзэсгэлэнг мөнгөөр сольж тэнэг зүйл хийхгүйгээ мэдэх ухаалаг улсууд. Бид дотоод гоо үзэсгэлэнг нэн тэргүүнд анхаардаг юм. Зэрэгцээд гадаад үзэмж сайхан байвал бүр л сайн биз. Та хөөрхөн царай, өндөр мэдрэмжин дээрээ нэмэх юм байхгүй бол баяжих өөр арга хайсан чинь дээр дээ. Жишээ нь, өөрөө ийм мөнгө олохын тулд цаг хугацаа, хүч чадлаа дайчилбал яасан юм бэ? Тэгвэл өөртэйгөө ижил түвшний хүн олох магадлал өндөр болно шүү дээ. Энэ бүхэн танд тус болох байх гэж найдаж байна.
Сайн сайхныг хүсье! »
Энэ захиан дээр юу ч нэмэх билээ, бүгд ойлгомжтой. Гол нь 2 зүйлийг л ойлгоорой: гадаад байдал гол биш, бусдын хүчинд дулдуйдалгүй өөрийн ухаанаар амьдрах нь чухал юм шүү.
Эх сурвалж: www.viva.mn