Урам зоригтойгоор турах 8 арга

Хэдэн кг хасах төлөвлөгөөг чинь улам эрчимжүүлээд өгье! Эрүүл, чийрэг биетэй болохын тулд бүхнийг зөв хооллож, дасгалаа тогтмол хийхээс гадна өөрийгөө сэтгэл зүйн хувьд хангалттай их цэнэглэх хэрэгтэй. Сэтгэл гэдэг үр дүнгийн тал нь шүү.

1. Өөртөө хүч нэмэх үгийг бичиж наа
Шар цаас ашиглахад л болно! “Үргэлж хүсдэг том зүйлийнхээ төлөө яг одоо хүсч буй жижиг зүйлийг март” гэж бичээд хөргөгчин дээрээ нааж болно. Хувцасны шүүгээнийхээ толин дээр “Харах бүрт эрүүл бас чийрэг бие, тун удахгүй…” гэж бичээд наачих. Орныхоо дэргэд “Чамаас ч илүү завгүй хүн яг одоо гүйж байгаа”, ажлынхаа ширээн дээр “Хэрвээ чи өмнө нь иддэг байснаа идсээр л байвал, өмнө нь нэмдэг байснаараа нэмээд л байх болно” гэсэн бичигтэй цаас наавал ямар вэ? Унших тусам “Би чадна ш дээ” гэж бодогдох үгийг олж бичээрэй.

2. Эмэгтэйлэг загвартай дасгалын хувцас ав
Сул футболк, өргөн өмд өмсөж дасгал хийхээр чинь яаж эрч хүчтэй байх болж байна? Өөрийг чинь сайхан харагдуулдаг хувцастай бол чи фитнессээ таслахгүй байх магадлал өндөр. Ядаж л майк, бариу ретузтэй болох хэрэгтэй. Биеийн жин чинь чамд таалагдахгүй байлаа гээд чи өөрийгөө гоёор мэдрэх эрхээ хасч болохгүй шүү дээ. Өөртөө итгэх итгэл бол урам зоригийн түлхүүр.

3. Дасгал хийхдээ л сонсдог дууны жагсаалттай бол
Өглөөний гүйлт бол өөрийгөө орчлонгоос “сүлжээ таслах” бас нэг хэлбэр. Үүн дээр чамайг өөр ертөнцөд аваачдаг хөгжмийг нэмчихвэл жинхэнэ “синержи” болох болно. Гэртээ харихдаа, ажлаа хийхдээ сонсдог дуунуудтайгаа холих хэрэггүй, гар утсан дээрээ тусдаа “Энергийн ундаа” гэдэг playlist үүсгэ. Тэнд хэмнэл түргэнтэй, хүчтэй дуунууд байх хэрэгтэй.

4. Ам зайлагчтай нөхөрлө
Бид хоол идчихээд бохь зажилж заншсан. Гэтэл бохь зажлах нь хоолны дараа амттан идэх хүслийг бууруулдаггүй, харин ч ихэсгэх нь бий. Харин сэнгэнэсэн үнэртэй ам зайлагч биедээ авч яваад, өдрийн болон оройн хоолны дараа угаалгын өрөөнд ороод зайлчихаж байвал амттан идэх хүсэл 80 хувиар буурна. Өрөөгөө цэвэрлэчихээд араас нь бохирдуулахыг хүсэх хүн үгүй шүү дээ. Амны хөндий чинь шинэхэн юм шиг цэвэрхэн болсон хойно амттан хараад “Яршиг” гэж бодогдоно.

5. Усаа ч бас хөгжилтэй болгож уу
Ус уух нь жингээ хаяхад нөлөөлдөг ч хааяа уйтгартай санагддаг шүү. Хөлдөөсөн жимс, жимсгэнэ, өргөст хэмх усанд амт нэмэхээс гадна, өөрсдийнх нь усны агууламж нэмэлт шингэнийг чамд өгөх болно. Нэг бол жимсийг нь шахаж гаргаж авсан цэвэр шүүсийг мөсний саванд хийж хөлдөөгөөд, савтай усандаа хийж авч яв.

6. Өмсөхийг хүсч байгаа хувцсаа өлгөж тавь
Дэлгүүрт явж байгаад өөртөө маш их таалагдсан хувцаснаас нэг размер багыг ав. Тэр нь гэдэс гарсан цээживч, бариу даашинз, мини юбка зэрэг байвал сайн. Тэгээд түүнийгээ өрөөнийхөө хаалган дээр өлгөөд, ямар ч асуудалгүйгээр өмсдөг болох зорилго тавиарай. Тэр чиний өөртөө өгсөн шагнал болог.

7. Зурагт үзэж байхдаа сунгалтын дасгал хий
Дасгалынхаа хажуугаар сунгалтаа хийхгүй бол нэг л өдөр хэдэн сарын турш хөдөлгөөн хорьсон дэглэмтэй том гэмтэл авах магадлалтай. Гэтэл бид сунгалтын дасгалаа ихэвчлэн мартчихдаг. Тиймээс сунгалтын дасгалыг оройны киноныхоо нэг хэсэг болгоорой

8. Сануулга өгөх хуудас хий
Өөртөө “Миний турахаар шийдсэн 10 шалтгаан” гэсэн хуудас хийгээд түүн дотроо яагаад өөрийгөө эрүүл, чийрэг бие галбиртайгаар харахыг хүсч байгаа тухайгаа товчоор бич. Зөвхөн бие галбиртай холбоотой бус, амьдралын хэв маяг, эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөөнийх нь талаар ч бас оруулж өгөөрэй. Тэгээд хэрвээ шантрах үе тохиолдвол түүнийгээ гаргаж уншаад, буцаад эрч хүчтэйгээр идэвхтэй амьдралдаа хөл тавиарай.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …