Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо энэ өдрүүдэд 2015 оны хагас жилийн ажлын тайлан үр дүнгээ дүгнэн хэлэлцэж, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх дунд болон анхан шатны удирдах ажилтнуудыг бэлтгэх сургагч багшийн сургалтад хамрагдаж байна. Уг сургалтын үеэр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож удирдах ажилтнууддаа хандан өөрсдөө аливаад үлгэр дуурайлалтай байх нь манай салбарын үйл ажиллагаанд зайлшгүй хийгдэх ёстой ажлын нэг гэдгийг онцлоод, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж тодорхой үүрэг чиглэлийг өглөө.
Тухайлбал: Улсын хэмжээнд улаанбурхан гарсантай холбоотойгоор зарим эрүүл мэндийн байгууллагууд ачаалал өндөр ажиллаж байгаа өвчний гаралт бүрэн зогсоогүй учир харъяа нутаг дэвсгэртээ эрт илрүүлэг хийх, дархлаажуулалт хийх асуудалд анхаарах, амралт зугаалгын улирал эхэлж буйтай холбоотой гэнэтийн осол гэмтэл, төрөл бүрийн хордлого гарахаас сэргийлж эрүүл мэнд нийтийн хоолны байгууллагын эрүүл ахуйн орчин халдвар хамгааллын асуудлыг орхигдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг санууллаа.
Түүнчлэн салбарын төсөв танасантай холбоотойгоор оны эхний таван сарын байлдлаар эм, эмнэлгийн хэрэгслийн өр 7.7 тэрбум төгрөгт хүрч эмнэлгүүдэд эм тасрах хэмжээнд хүндрэл үүссэн нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шуурхай шийдвэрлүүлсэн тул цаашид өр авлага үүсгэхгүй ажиллахыг үүрэг болгов.