Өчигдөр буюу 07 сарын 01-нд Ховд аймгийн Буянт Цагаан-Эрэг багийн нутаг Бугат үзүүр гэдэг газар 2 настай хүүхэд голын усанд үйдсэн хэрэг гарчээ.
Борооны улмаас Буянт гол үерлэсэн байсан бөгөөд эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан бяцхан хүү амь насаа алдсан байна.
Сүүлийн өдрүүдэд Ховд аймагт үргэлжлэн бороо орсны улмаас Алтайн уулаас эх авсан Буянт, Булган, Төгрөг, Боорчи, Бодонч, Ховд голууд үерлэж зарим томоохон голууд үерийн аюултай түвшингээс 30-45 см давж үерлээд байгаа аж.
Ийнхүү гол мөрний усны түвшин нэмэгдсэнээс усанд осолдох, амь насаа алдах тохиолдлууд Ховд аймагт гарсаар байгаа бөгөөд 6-р сарын 26-аас 07 сарын 01-ны өдрүүдэд 5 хүн үерийн усанд осолдож золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Түүнчлэн Мөнхайрхан сумын дунд Сэнхэр, хуурай Сэнхэрийн 15 км зам үерт эвдэрсэн, Манхан сумын Сэнхэрийн гол үерлэсний улмаас Ховд Улаанбаатар, Ховд Булган чиглэлийн авто замын зарим зорчих хэсгүүдээр ус давж замын үндсэн хийцэт нуралт үүссэн, Ховд Чандмань сум чиглэлийн зорчих хэсэг болох Манхан сумын Зэрэг голын гарам хаагдсан, Дарви Улаанбаатар чиглэлийн замын 15-16 дахь км-т замын зорчих хэсэг сэтэрч хөдөлгөөн хаагдсан зэргээр үерийн улмаас олон зам, гүүр эвдэрсэн байна.
6-р сарын 29-ний байдлаар Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж Буянт сэнхэрийн гол Чандмань, Дарви сумдын нутагт усанд боогдсон 14 машиныг татан гаргаж, 17 хүний амь насыг аварч 4 айлын гэр 235 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн Ховд аймгийн Булган сумын Засаг даргын захирамжаар Булган гол дагуу үерийн аюултай бүсэд нутаглаж байсан 40 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, шөнийн 3 цагт 2 мотоциклтой 4 иргэн усанд боогдсоныг аврах гал унтраах 38-р ангиас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж аюулгүй орчинд гаргасан байна.
Цаашдаа цаг агаарын урьдчилсан мэдээгээр баруун зүгийн нутгаар 4 өдөр үргэлжилсэн бороотой талаар мэдээлж байгаа бөгөөд үер усны аюулаас ямагт сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Г.Эрдэм