Наадмын өмнөхөн төв цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн ногоон зүлэг суурилуулсан. Халтиргаа гулгаа их байхвий гэж болгоомжилж байсан ч наадмын бөхийн барилдааны үеэр энэ жил бороо хур орсонгүй.
Зарим наадамчин олны хувьд хуурайшилтай, гантай энэ зун цэнгэлдэх хүрээлэнд харин ч ийм зүлэг суурилуулснаар шороо тоос босохгүй сайхан байгааг хэлж байсан. Нөгөө талаар наадмын өдрүүдэд 30 градус гарч халснаар хиймэл зүлэгнээс хаймар үнэртэн улам халуу төөнүүлж байсныг газар дээр нь ажилласан хэвлэлийнхэн дурдаж байв.
Азаар үндэсний бөхийн барилдаанд зүлэгтэй холбоотой асуудал гарсангүй. Тэгвэл улсын харцага Г.Ганхуяг наадам тарсан орой өөрийн нүүр номдоо “Олон бөх хальтарч уналаа. Унасан унагаасан бүх бөхчүүдийн өвдөг нүүр зулга, шалба.. Энэ хиймэл зүлэгний бизнес хийсэн нөхдүүдтэй тэр дээр нь барилдах юмсан..” хэмээн бичжээ.
Юутай ч маргаан, будлиангүй наадам сайхан өнгөрлөө.
Харин наадмын дараахнаас бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөр хиймэл зүлэгнээс болж үнэгүйдсэн үү гэдэг асуудлыг дахин хөндөх нь зүйтэй бизээ.
Г.Эрдэм