“Алдар” спорт хорооны тамирчид амжилт ихтэй наадамлав

2015071601Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан болж өндөрлөлөө. Үндэсний баяр наадамд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид чамгүй сайн амжилттай оролцож, наадамчин олноо баясгалаа. Тодруулбал, 512 хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн дөрвөн хүчтэний гурав нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид байв.

2015071602 2015071603 2015071606

Ингэхдээ нэг улсын харцага, хоёр улсын начинтай болж, улсын арслан П.Бүрэнтөгс маань цолоо бататган 512 бөхөөс үзүүр, түрүүнд үлдсэн амжилттай наадсан юм. Энэ наадмын түрүү бөхөөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургууль, “Хангарьд” спорт хорооны бөх Э.Оюунболд тодорч Монгол Улсын арслан цол хүртсэн. Харин Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн. Мөн зургаа давсан Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх Б.Одгэрэл Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цол хүртлээ. Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх Ч.Ганзориг, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат “Алдар” спорт хороо, “Хур харцага” дэвжээний бөх Э.Даш нар Монгол Улсын начин цолтон боллоо. Мөн Дархан-Уул, Завхан, Баян-Өлгий аймгийн наадмуудын хүчит бөхийн барилдаанд “Алдар” спорт хорооны тамирчид түрүүлсэн байна.

2015071604 2015071605

Харин Үндэсний баяр наадмын сурын харвааны тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин Б.Батбаатар 40 сумнаас 35 онож түрүүлэн Монгол Улсын мэргэн цол хүртлээ. Харин эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн “Алдар” спорт хорооны харваач С. Энхтунгалагт Монгол Улсын хошой мэргэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус тус олгов.Тэд нэг гэр бүлийн хоёр юм. Энэ жилийн үндэсний сурын харвааны тэмцээнийг ийнхүү нэг гэр бүлийн хоёр тэргүүлсэн нь наадмын нэг сонин болов. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны даргаар Монгол Улсын дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр ажилладаг билээ.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …