Америкийн нэгэн форум дээр залуу бүсгүйн тавьсан асуулт:
Ний нуугүй бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн, хувцаслах мэдрэмжтэй гэж өөрийгөө боддог. Би жилийн 500 мянгаас дээш долларын орлоготой залуутай гэр бүл болмоор байгаа юм.
Намайг шуналтай гэж бодож магадгүй л дээ, гэхдээ л Нью-Йоркийнхны хувьд жилийн 1 сая доллар бараг л дундаж орлогод тооцогддог. Тиймээс би өөрийнхөө шаардлагыг өндөр гэж бодохгүй байгаа юм. Энэ форум дотор 500 мянгаас дээш орлоготой хүн байна уу? Ийм хүмүүс бүгдээрээ гэрлэчихсэн байдаг юм уу? Би та нар шиг баян хүнтэй гэрлэхийн тулд юу хийх ёстой вэ?
Миний болзож байсан залуусаас хамгийн баян нь жилийн 250 мянгын л орлоготой байсан. Гэтэл Нью Йоркийн цэцэрлэгт хүрээлэнгийн дээд зэрэглэлийн бүс рүү нүүхээр болвол жилийн 250 мянга хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Би энд дараах энгийн асуултыг та бүхэнд тавьж байна:
1) Баян, ганц бие залуус ихэвчлэн хаагуур чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм бэ? (Цэнгээний газар, ресторан, фитнесс гээд бүгдийнх нь хаяг утсыг бичиж өгнө үү)
2) Би хэд орчим насны хүмүүсийг “онилох” ёстой вэ?
3) Яагаад ихэнх баян эрчүүдийн эхнэр нь эгэл жирийн гадаад төрхтэй байдаг юм бол оо? Миний таних хэд хэдэн тийм ч хөөрхөн, бас сонирхолтой биш бүсгүйчүүд баян хүнтэй гэрлэсэн.
4) Баян эрчүүд ямар эмэгтэйг найз бүсгүйгээс хэтрүүлэлгүй, ямар эмэгтэйг эхнэрээ болгож авдаг юм бол? (Би бол гэрлэх хүн хайж байгаа) Хатагтай Хөөрхнөө
Дэлхийн тэргүүлэх санхүүгийн фирм J.P. Morgan-ы CEO-гийн түүнд өгсөн хариулт:
Хатагтай Хөөрхнөөд,
Би таны бичсэн зүйлийг тун сонирхож уншлаа. Яг таных шиг асуултыг өөртөө тавьдаг олон охид байгаа байх. Нөхцөл байдалд тань мэргэжлийн дүн шинжилгээ хийхийг зөвшөөрнө үү.
Миний жилийн орлого 500 мянган доллараас илүү, өөрөөр хэлбэл таны тавьж буй шаардлагад нийцсэн учраас үүнийг уншиж байгаа хүмүүс намайг цагаа дэмий үрээгүй гэдэгт итгэж байгаа байх.
Бизнес эрхлэгчийн үүднээс харвал тантай гэрлэх нь тун муу шийдвэр байх болно. Хариулт нь маш энгийн, би тайлбарлая л даа.
Нарийн ширийнийг эс тооцвол, та бол “гоо сайхан”-аа мөнгөөр наймаалцах гэж байгаа хүн. А тал гоо сайхнаа зориулж, Б тал үүнийх нь оронд мөнгөө төлөх шударга арга байж болно.
Гэхдээ энд нэг том асуудал байгаа юм. Таны гоо сайхан цагийн аясаар гундаж багасна, харин миний мөнгө ямар нэг шалтгаангүйгээр багасч хороогдохгүй, өсч үржсээр байна. “Миний орлого жилээс жилд өсөх магадлал өндөртэй боловч, таны гоо сайхан жилээс жилд сайжрахгүйд л гол учир байгаа юм.”
Тиймээс эдийн засгийн үүднээс үнэлвэл, минийх бол эргэлдэх хөрөнгө, таных бол элэгдэх хөрөнгө юм. Хэрэв таны санал болгож чадах зүйл ганцхан гоо сайхан юм бол үнэ цэнэ тань 10 жилийн дараа гэхэд унах болно. Wall Street-ийн дүрмээр бол бүхий л арилжаа өөрийн зэрэглэлтэй байдаг. Аливаа арилжааны үнэ цэнэ унах л юм бол түүнийг цаашид хадгалах шаардлагагүй болох учраас өрөөл хүнд дамлан худалдаалдаг журамтай. Таны хүсээд байгаа гэрлэлтэнд ч бас ийм юм тохиолдож магадгүй.
Үүнийг хэлж байгаа минь зарим талаараа харгис санагдаж мэдэх л юм. Гэхдээ “бизнесменүүдийн хувьд элэгдэх хөрөнгийг зөвхөн түрээслэх юм уу, ашиглаад өөр хүнд худалдах зорилгоор л авдаг.”
500 мянган доллараас дээш орлоготой залуу бол “тэнэг биш” байх нь ойлгомжтой. Бидэн шиг залуус таньтай зөвхөн болзоод л орхих бөгөөд хэзээ ч гэрлэхгүй. Таныг баян залуутай гэрлэх арга чарга хайхаа болихыг зөвлөж байна. Харин үүний оронд “Та өөрөө 500 мянган долларын орлоготой баян хүн болж болно” шүү дээ. Энэ нь баян, ухаан муутай залуутай гэрлэхээс хамаагүй илүү боломжтой хувилбар шүү.
Миний хариулт тус болсон гэж найдаж байна.
Хүндэтгэсэн,
J.P. Morgan-ы CEO