МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн лидер улстөрчөө сонгоно гэж байгаад ЭМ-ийн сайд Н.Удвалыг сонгосон. Тэрбээр Монголын түүхэнд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хамгийн анхны эмэгтэй улстөрч боловч эцсийн зорилго нь арай өөр гэж дуулдах болов. Зарим хүмүүс үүнийг өөр өнцгөөс харж байна.
Тухайлбал МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нь цаанаа улстөрийн нарийн зорилготой тоглоом гэж дүгнэх болов. Товчхондоо уг нам урьдын адилаар МАН-ын нэр дэвшигчийн саналаас зулгаах болно. Энэ нь Ц.Элбэгдорж хийгээд АН-д ашигтай хэрэг. МАХН энэ давуу талаа намын даргаа суллуулахад ашиглах магадлалтай хэмээн зарим эх сурвалж өгүүлж байна.
Сонгуульд оролцох гуравдагч нэр дэвшигч гарч ирсэн нь явж явж Эби, Эба хоёрыг ахин хэлэлцээрийн ширээнд суулгах их холын тактик гэх болов. Нэгэнт өрслдөгчийнх нь саналыг цөөлөх тул АН гуравдагч нэр дэвшигчийг талархан хүлээж авах бол МАН нэрээ тат хэмээн шахна. Харин МАХН зүтгэсэн чигээрээ зүтгэвэл АН “хүчин чармайлтыг нь өндрөөр үнэлж” магад. Энэ нь намын даргаа суллах нарийн төлөвлөгөө гэж учир мэдэх хүмүүс сэмхэн шивнэх болов.