Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомт бүртгэгдээд байна.
Сүүлийн жилүүдэд тарваган тахлын байгалийн голомтын идэвхжил нэмэгдэж байгаа бөгөөд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Уянга сум, Ховд аймгийн Үенч, Баян-Өлгий аймгийн Сагсай, Бугат, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгалийн голомт идэвхжиж, Завхан аймгийн Эрдэнэхайрхан болон Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань суманд тарваган тахлын өсгөвөр илэрсээр байна.
2009-2013 онд Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Ховд аймгийн Алтай суманд тарваган тахлын хүний өвчний 5 тохиолдол бүртгэгдсэн.
2015 он гарсаар Ховд, Хөвсгөл аймагт тарваган тахал өвчнөөр хүн өвчилсөн тохиолдол бүртгэгдээд байна.
Иргэн та сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх үүрэгтэй. Хэрэв халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон түүний эд материалыг тусгаарлах, сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсэд онош тодрохоос нааш хүрэхгүй байх, тарвага агнах, өвчих, мах, түүхий эдтэй харьцахыг цээрлэх хэрэгтэй.
Мөн тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутагт амьдардаг иргэд, ялангуяа анчин, тууварчин, жолооч нар урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах шаардлагатайг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Тарваган тахал өвчний голомт идэвхижиж байгаатай холбогдуулан Зооноз өвчин судлалын үндэсний төвд урьдчилан сэргийлэх тарилгыг үнэ төлбөргүй хийж байна.