Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 13-нд Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг гаргасан.
Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Багийн спортыг хөгжүүлэх тухай 144 дүгээр зарлигийг гардуулах ёслол Спортын төв ордны спорт заланд боллоо. Зарлиг гардуулах ёслолд ЕТГ-ын дарга П.Цагаан ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба, БСШУ-ы сайд Л.Гантөмөр, багийн спортын холбоодын тэргүүд, спортынхон оролцсон юм.
Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, олимп, тив, дэлхийн спортын уралдаан, тэмцээнд амжилттай оролцох баг, тамирчдыг бэлтгэх үндсийг бий болгох, эх орондоо тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулахад орчин үеийн шаардлага, олон улсын стандартад нийцсэн дэд бүтцийг бий болгох, түүнд түшиглэсэн багийн спортын дагнасан сургалттай академи байгуулахыг Засгийн газарт чиглэл болгосон юм.
Мөн төр, засгийн болон төрийн бус байгууллага, тамирчид, багш дасгалжуулагчид, бизнесийн байгууллага, дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, хандивлагчдыг багийн спортыг дэмжих, хөгжүүлэхийг уриалсан байна.
Эх сурвалж: MNB.MN