Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоо /ЗАХБХ/-ны 46 дахь удаагийн Гүйцэтгэх хорооны хурал БНАСАУ-д есдүгээр сарын 19-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө. Уг хурлын үеэр ЗАХБХ дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
- ЗАХБХ 13 хүртэлх насны хөвгүүдийн фестиваль наадмыг Гуам улсад энэ оны 11 дүгээр сард зохион байгуулах тухай
- ЗАХБХ 47 дахь удаагийн Гүйцэтгэх Хорооны хурлыг Япон улсад зохион байгуулах тухай багтсан байна.
Түүнчлэн Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг ЗАХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгох тухай хэлэлцэн, санал хураахад, олонхийн саналаар дэмжигдэж, тэрбээр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх Хорооны гишүүнээр сонгогдлоо.
Зүүн Азийн 10 орныг нэгтгэсэн тус холбооны хуралд МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Батсайхан нар оролцсон юм. Хурлын дараагаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч RI Jong Mu-тай уулзаж, хоёр улсын шигшээ багууд харилцан нөхөрсөг тоглолт хийх, БНАСАУ мэргэжлийн тоглогчдыг Монголд тоглуулах, Монгол улсаас шалгарсан хүүхэд, багачуудыг БНАСАУ-ын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд хамруулах зэрэг чухал асуудлаар санал солилцож, ярилцжээ. Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа БНАСАУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч энэ үеэр мөн илэрхийлсэн байна.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд БНАСАУ-д айлчлах үеэрээ хоёр талын спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөлбөмбөгийн спортын хөгжилд нэмэр болох хамтарсан бэлтгэл, сургуулилтын талаар ярилцаж байсан юм.