“Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадмын зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй Бага олимпийн наадмын тэмцээн, уралдааныг энэ жил анх удаа Баянлиг, Бууцагаан сумдад явуулж байгаагаараа онцлог юм.
УИХ-ын гишүүн, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар анх 2008 онд олимпийн аварга төрүүлэн гаргах зорилготойгоор Баянхонгор аймагт анхдугаар бага олимпийн наадмыг зохион явуулах болсон юм.
Анхны бага наадмын дараа Монгол Улсаас олимпийн аварга төрж, монголчуудаа баярлуулж байсан түүхтэй. Тэгвэл бага олимпийн наадмын бамбар дахин 2012 онд бадамлан асч, энэхүү Бага олимпийн наадамд өрсөлдөж байсан тамирчид Ази тивийн наадамд эх орныхоо нэрийг цуурайтуулж, амжилт ялалтаа ахиулах болжээ.
Баянхонгор аймагт эхэлж байгаа Бага олимпийн наадам РИО-2016 олимпийн өмнөх жил зохиогдож буйгаараа онцлог. Мөн Бага олимпийн наадмыг зохион байгуулах туршлагаас хуваалцахаар Баян-өлгий, Орхон зэрэг 10 аймгаас төлөөлөл хүрэлцэн ирсэн байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
Бага олимп наадам спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулах бөгөөд маргааш наадмын нээлт болох юм.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өсвөрийн тамирчдаа дэмжихээр Баянхонгорын Бага олимпод уригдаж очоод байна.
Б.ЭНХ
Эх сурвалж: news.mn