Та өглөө бүр үсээ сэнсдэж эсвэл индүүддэг үү? Цаг агаарын нөхцөл, муу арчилгааны улмаас үс тань хуурайшиж, салаалсан уу? Хэрвээ тийм бол “Vogue” сэтгүүлийн үсээ арчлах зөвлөгөөнөөс хүргэе. Та химийн ямар нэгэн бодис хэрэглэхгүйгээр үсээ чийгшүүлж, хөвсгөр зөөлөн болгож чадна. Үүний тулд хөргөгчөө онгойлгоход л хангалттай.
Оливийн тос: Ихэнх хүн үсээ зөөлөн болгохын тулд ангижруулагч хэрэглэдэг. Гэвч химийн бодисоос бүтсэн ангижруулагч хэсэг хугацаанд л үйлчилгээ үзүүлж, үсийг дахин хуурайшуулдаг. Харин үсний хамгийн дуртай ангижруулагч нь оливийн тос гэдгийг та мэдэх үү? Орой усанд орж, эсвэл толгойгоо угаасны дараа оливийн тосоор үсээ сайтар тосолж, иллэг хийн зориулалтын малгай өмсөж хононо. Үр дүнд нь таны үс хүүхдийнх мэт зөөлөн болох төдийгүй хангалттай шим тэжээл авч чадна.
Өндөг: Үс өндгөнд дуртайг өөртөө анхаарал тавьдаг эзэгтэй бүхэн сайн мэднэ.
Нэг өндгийг аяга бүлээн усанд хутгаж, үсэндээ маск байдлаар түрхэнэ. Арван минутын дараа үсээ цэвэр усаар зайлаарай.
Гадил: Нэг ширхэг гадил, хоёр цайны халбага зөгийн бал, 4 цайны халбага оливийн тос, 2 цайны халбага глицеринийг сайтар холисноор та хамгийн тэжээллэг үсний масктай болно.
Үсэндээ иллэг хийх маягаар түрхсэний дараа 30 минут байлгаарай.
Долоо хоногт нэг удаа энэхүү маскыг түрхсэнээр таны үс торго мэт зөөлөрч, намирна.
Ногоон цай: Ногоон цай алжаал тайлахын зэрэгцээ биеийг эрүүлжүүлэх увдисаараа алдартай.
Тэгвэл ногоон цай хандалж, үсээ шавших нь толгойг амраахын зэрэгцээ үсийг зөөлрүүлэх, хуурайшилтаас сэргийлэх аж.
Майонез: Энэхүү амтлагч зөвхөн салатанд зориулагдаагүй. Ямар ч төрлийн майонезийг үсэндээ түрхэж, 30 минут байлгаснаар та хамгийн эрүүл ангижруулагчийг хэрэглэж буй хэрэг.
Гэхдээ майонез үсэндээ түрхсэний дараа зориулалтын малгай өмсөж, халуун алчуураар ороохоо мартуузай.
Эх сурвалж: kimaworld.net Э.Ийнгаа