Өнгөрсөн бямба гарагт Шарм эль-Шейхийн Улаан Тэнгис амралтын газраас хөөрч, Санкт-Петербургийн Пулково нисэх онгоцны буудлыг чиглэн нисэж явсан Оросын онгоц Египетийн Синайн хойгийн уулархаг бүсэд осолдлоо.
Ослын үеэр 217 зорчигч, хөлгийн долоон гишүүн бүгд амь эрсэдсэн байна. Энэ бол ОХУ-ын иргэний агаарын тээврийн түүхэнд гарсан хамгийн том осол аж.
Өчигдөр Египетийн аврах багийнхан онгоц осолдсон газарт хүрсэн бөгөөд онгоцны нэг хар хайрцаг болон 129 зорчигчдын цогцсыг Каир хот руу илгээжээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр 162 хүний цогцсыг ОХУ-руу явуулсан гэж албаны хүмүүс мэдээлсэн байна.
Египетийн Иргэний нисэхийн хүчний сайд Хоссам Камил “Онгоц осолдохоос өмнө хэвийн бус зүйл байгаагүй. Гэнэт л радараас алга болсон” гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн юм.
Харин ОХУ-ын Тээврийн яамны сайд Максим Соколов “Террористууд зенитийн пуужин ашиглан онгоцыг сөнөөсөн гэж мэдэгдэж байгаа ч тодорхой баримт байхгүй байна” гэж РИА Новости агентлагт мэдээлжээ.
Мөн онгоц сүйрэх үеэр цаг агаар таатай байсан гэж CNN, Интерфакс зэрэг томоохон агентлагууд мэдээлж байна. Юутай ч Эмират, Эйр Франц, Люфтханза гэсэн агаарын тээврийн гурван том компани Синайн хойгийн дээгүүр нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглоод байгаа юм.
эх сурвалж: eagle.mn