Завхан аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам нөгөөдөр буюу баасан гарагт эхлэх гэж байна. Наадмын нээлтэд завханчууд 2222 морин хуурчаар баярын арга хэмжээгээ эхлүүлж, хуурч хүүхдүүдийн амжилтыг Гиннесийн номонд бичүүлэхээр болжээ.
Шинэ баригдсан цэнгэлдэх хүрээлэнд 2222 хуурч хуурдахаас гадна 90 уртын дууч шуранхайлж, есөн генерал есөн хөлт цагаан тугаа залж, 99 бүсгүй сүүн цацал өргөж, мөн 760 лам нарын “Соёмбо” их наадам болно.
Үүнээс гадна ойн баяр наадмын нээлтийн тоглолтын зохиолыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн бичиж, Завхан аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ш.Доржжүгдэр найруулж байгаа ажээ. Ийнхүү Монголын аль ч аймагт болж байгаагүй сүр, хүч төгөлдөр сайхан наадам хоёр хоног үргэлжилнэ.
Дашрамд сонирхуулахад, хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбайд 999 морин хуурчаар нийслэлийн жаврыг үргээлгэж байсан удаатай.
эх сурвалж: урлаг.мн