Ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 18 ны өглөө 08.30 цагт эхэлсэн. Ирвэл зохих 31 төлөөлөгчөөс 25 төлөөлөгч ирж 80,6 хувийн ирцтэйгээр хурлын хуралдаан эхэлсэн юм.
Хурлын ажлыг “Хангалттай сайн” гэж дүгнэв
Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13-р хуралдааны эхэнд Дархан сумын ИТХ-ын хурлын дарга Т.Тулгаа Дархан сумын ИТХ, түүний тэргүүлэгчдээс 2015 онд хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлан илтгэлийг тавьлаа. Дархан сумын ИТХ-ын хувьд энэ хугацаанд нийт 18 удаагийн хурлаар 58 тогтоолын төслийг баталж давхардсан тоогоор 64 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс 2015 онд хийсэн ажил, дэвшүүлсэн зорилтын биелэлтийг “Хангалттай сайн” гэж үнэлж 2016 онд дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгалаа.
Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 88,9 хувь буюу 4,4 онооны үзүүлэлттэйгээр ”Хангалттай сайн” гэж дүгнэгдлээ
Дархан сумын ИТХ-ын 2013 оны 03/01 дүгээр тогтоолоор Дархан сумын Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Үүний хүрээнд 43 зорилт 249 арга хэмжээг хэрэгжүүлэхээс 2015 оны жилийн эцсийн байдлаар биелсэн 150, хэрэгжих шатандаа явж байгаа 99 ажил байна. Харин 50 буюу түүнээс доош хувьтай 37 ажил байна. Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13-р хуралдаанаар сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг 88,9 хувь буюу 4,4 онооны үзүүлэлттэй байгаа тул Хангалттай сайн гэж дүгнэн, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн бүрэн хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга Б.Азжаргалд даалгалаа.
Дархан Сумын 2015 оны тодотгосон төсвийг 24,360.7 сая төгрөгөөр, 2016 оны төсвийг 25,766.9 сая төгрөгөөр баталлаа
Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13-р хуралдаанаар тодотголоор татварын орлогыг 372,6 сая төгрөгөөр бууруулж 1,172.8 сая төгрөг байхаар баталлаа. 2015 оны сумын тодотгосон төсвийн нийт орлогыг 24,360.7 сая, үүнээс орон нутгийн орлогыг 1,208.4 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 1,640.0 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 21,430.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүдэг байгууллагын өөрийн орлогыг 82.0 сая төгрөгөөр, зарлагын хувьд орон нутгийн урсгал зарлагыг 1,206.5 сая, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг 1.9 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн зардлыг 1,640.0 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 21,512.3 сая төгрөгөөр тус тус баталлаа. Харин 2016 оны сумын төсвийн нийт орлогыг 25,766.9 сая, үүнээс орон нутгийн орлогыг 1,743.1 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 1,508.7 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 22,436.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүдэг байгууллагын өөрийн орлогыг 78.8 сая төгрөгөөр, зарлагын хувьд орон нутгийн төсвөөр санхүүжих урсгал зарлагыг 1,141.3 сая, аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, Орон нутгийн хөгжлийн сангийн зардлыг 1,508.7 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 22,515.1 мянган төгрөгөөр тус тус баталлаа.
“Сум хөгжүүлэх сан”-гийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл болон хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэв
Монгол улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын ухай хууль”, Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолыг үндэслэн Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанаас Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг дараах бүрэлдэхүүнтэй байгууллаа. Зөвлөлийн даргаар Дархан сумын засаг дарга Б.Азжаргал, нарийн бичгийн даргаар Дархан сумын ЗДТГ-ын хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Болочимэг, гишүүдээр Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Н.Юра, Ш.Энхмонгол, иргэний төлөөллөөр Б.Бэхбат, С.Отгонсүрэн, Б.Мөнхбат нар ажиллахаар болов.
Харин Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус ажлын хэсгийн даргаар Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Цэрэндаваа, гишүүдээр мөн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгч Д.Жамбалдорж, Б.Лхагвасүрэн нараас гадна иргэний төлөөллөөр П.Бадам, Д.Наранцэцэг, Б.Сарантуяа, Д.Батхуяг нар ажиллах юм.
Ийнхүү Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаанаар нийт 5 асуудлыг хэлэлцэж, өмнөө тавьсан зорилгоо амжилттай биелүүллээ.
Эх сурвалж: http://darkhan.mn/