HSBC-гээс 2050 онд дэлхийн эдийн засгийн өнгийг тодорхойлох 30 улсыг нэрлэжээ.
Эдийн засгийн урьдчилсан тооцоог хийхдээ дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн өсөлт бууралт зэрэг олон хүчин зүйлийг нарийн тооцож судалсаны эцэст энэхүү таамаглалыг дэвшүүлсэн байна.
HSBC буюу Hongkong and Shanghai Banking Corporation нь Дэлхийн 87 оронд үйл ажиллагаагаа явуулдаг, 100 сая орчим үйлчлүүлэгчтэй дэлхийн санхүүгийн зах зээлийн асар том тоглогч юм.
HSBC-ын тооцоогоор 2050 он гэхэд БНХАУ эдийн засгаараа хэдийнэ дэлхийд нэгт бичигдэх бол АНУ ухарч хоёрдугаарт жагсах аж. АНУ эдийн засгийн элдэв хямрал саад бэрхшээлийг яаж ч даван туулж яаж ч хөгжөөд Хятадад гүйцэгдэх нь тодорхой гэнэ. 2050-иад онд Хятадын эдийн засгийн реформ нь дээд цэгтээ хүртэл өснө гэж үзжээ.
Мөн Энэтхэг улсын эдийн засаг улам хүчирхэгжсээр дэлхийн гуравдагч томоохон эдийн засагтай орноор нэгэнт нэрлэгдсэн байх ажээ. Харин Азийн эдийн засгийн томоохон төв Өмнөд Солонгос болон Япон улсууд нэлээдгүй уруудах гэнэ.
Филипин улс өдгөө эдийн засгаараа дэлхийд 44-т бичигддэг. Харин 2050 он гэхэд хамгийн хурдацтай үсрэнгүй хөгжих улс болно гэж тооцоологдсон байна. Мөн Индонез, Филиппин, Тайланд, Малайз болон Пакистан гээд хүн ам ихтэй Азийн хөгжиж буй орнуудын эдийн засагт ямар ч байгалийн гамшиг нүүрлэсэн торолгүй дээшилсээр байх болно хэмээн HSBC-гийнхэн тооцоолжээ.
Энэхүү жагсаалтыг ажиглавал Европын тэргүүлэх эдийн засагтай орнууд бүгд буурч Ази, Өмнөд Америкийн орнууд өсөх хандлага ажиглагдаж байна.
О.Наранцацралт