2016 оны Олимпийн наадам Бразилын Рио Де Жанеро хотноо зохион байгуулахаар болсонтой холбогдуулан манай баг тамирчид бэлтгэл ажилдаа орооод байгаа билээ. Олимпийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болоод тулгамдаж шийдвэрлэхээр хүлээгдэж байгаа асуудалтай танилцаж шийдвэрлэхээр өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Биеийн тамир, спортын хөгжлийн төвд ажиллалаа.
Бразил улсад болох “RIO-2016” олимпд нийтдээ 108 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцоно.Тэнд очиж тамирчдынхаа бэлтгэлийг хийх баазуудаа авсан. Олон улсын олимпийн наадам зохион байгуулах хорооноос олимпийн наадам эхлэхээс 14 хоногийн өмнө Рио Де Жанеро хотод хамтарсан бэлтгэл хийхийг хорьсон шийдвэрийг гаргасан байгаа. Бразил улс нь газар нутгийн хувьд хол оршдог учраас агаарт 16-18 цаг нисч хүрнэ. Тиймээс нэг хүний онгоцны зардал 6-8 сая төгрөг зөвхөн нислэгийн тийзний зардалд л гэхэд 840 сая төгрөг, бусад зардлуудыг нэмж тооцоход 1,3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаар Үндэсний шигшээ багийн албаны дарга Ц.Одонбаяр танилцууллаа.
Мөн тамирчдын бодисын солилцоог сайжруулдаг хэд хэдэн эмийг допингийн төрөлд оруулсан. Тиймээс Монгол Улсын эмийн бүртгэлд орсон эмүүдийг хэрэглэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй. Олимпид оролцох тамирчдаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулахын тулд эмч нарын тусгай баг гаргаж ажиллуулах саналтай байгааг энэ үеэр Монгол Улсын гавъяат эмч Ч.Насанбат хэлсэн. Тэрээр спортын анагаах ухаанд багаж тоног төхөөрөмж дутагдалтай байдаг учраас физик эмчилгээнд хэрэглэгддэг багажийг шинэчлэх, мөн БТСХТ-д мэргэжлийн хүмүүсийн багийг ажиллуулахад бодлогын түвшинд анхаарч ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргаас хүслээ.
Уулзалтын төгсгөлд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэд хэдэн үүрэг чиглэлийг өгсөн юм. Тэрээр хэлэхдээ Монгол Улс дэлхийд нэртэй, олимпийн аваргуудтай орон. Олимпийн бэлтгэл ажил гэдэг бол Лондонгийн олимпийн наадмын маргаашнаас эхэлж хийгддэг ажил. Өнөөдөр Монголчууд бид ирэх наймдугаар сард болох RIO 2016 олимпоор амьсгалж байх үе. Спортын асуудалд маш ихээр анхаарах ёстой. БТСХТ-д ажиллаж байгаа та бүхэн мэргэжлийн түвшинд манлайлж ажиллах ёстой болохоос биш, цалин авах гэж энд сууж огтхон ч болохгүй. Тиймээс бидэнд хийх ажил их байна, мэргэшсэн хүмүүс энд спортын салбарыг хөгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Тиймээс цогц төлөвлөгөө, хэрхэн ажиллах стратегиэ энэ долоо хоногт боловсруулан танилцуулахыг үүрэг болголоо.
Одоогийн байдлаар “RIO-2016” зуны олимпийн наадамд чөлөөт бөх 6, хөнгөн атлетик 1, байт харваа 1, буудлага 3, нийт дөрвөн төрлөөр 11 тамирчин, мөн RIO 2016 паралимпийн зуны наадамд хөнгөн атлетк 1, байт харваа 2, буудлага 1, пауэрлифтинг 1 нийт дөрвөн төрлөөр 5 тамирчин оролцох эрхээ аваад байгаа аж..