“Өсвөр үеэ мансуурлаас сэргийлье” уриан дор ЕБС-иудын ахлах ангийн сурагчдад мансууруулах бодис, архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай сургалтыг явуулж байгаа билээ.
Энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн цуврал сургалт ЕБ-ын 9 дүгээр сургууль, Од цогцолбор сургуульд үргэлжиллээ. Энэ удаагийн сургалтанд Эрүүл мэнд, цагдаагийн газраас гадна аймгийн Прокурорын газар, ХЭҮТ-ийн Дархан салбар нэгдэж, сурагчдад мэдээлэл хийсэн юм.
Монгол улс ердөө тавхан жилийн өмнө хар тамхины дамжин өнгөрүүлэгч орон байсан бол өдгөө хэрэглэгч улсын тоонд багтан энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа залуусын тоо нэмэгдэх хандлагтай болсон байна. Ялангуяа өсвөр насныхны сониуч, саваагүй сэтгэхүйн онцлог нь хорт үйлдэлд уруу татагдах магадлал өндөр учир дээрх аяныг зохион байгуулж буй тухай мэргэжлийн байгууллагууд ярьж байна.
Хэдийгээр өмнө нь ерөнхий боловсролын сургуулиуд сурагчдыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлүүлэхийн тулд тус бүртээ сургалтуудыг зохион байгуулдаг байсан ч тэдгээр сургалтууд нь бусад мэргэжлийн байгууллагуудтай уялдсан уялдаа холбоо байхгүйн улмаас дорвитой үр дүнд төдийлөн хүрч чаддаггүй байсан байна. Тиймээс энэ аяны хүрээнд мэргэжлийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран нэгдсэн сургалтыг зохион байгуулж байгаагаараа онцлог аж.
ЭХ СУРВАЛЖ: DARKHANGOV.,N