Энэ сарын эхээр манай улсын цахим спортын мэргэжлийн баг болох “TheMongolZ” Тайваньд болсон олон улсын тэмцээнд түрүүлж, 30.000 ам.долларын эзэн болсон. Тодруулбал, “Intel Extreme Masters” нэртэй цуврал тэмцээний Ази, Номхон Далайн бүсийн тэмцээн байсан юм.
Энэ тэмцээнд ялснаар Монголын баг олон улсын хоёр ч тэмцээнд оролцох эрхтэй болсон. Үүний нэг нь АНУ-д зохиогдох “MLG Columbus” тэмцээн юм. “TheMongolZ” багийнхан Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас уг тэмцээнд оролцохоор виз хүссэн боловч “буцаж ирэх шалтгаан тодорхойгүй” гэсэн үндэслэлээр виз олгохоос татгалзаад байгаа тухайгаа сошиал хуудсандаа бичжээ. Залуус хоёр удаа виз хүсч хоёуланд нь татгалзсан хариу аваад байгаа юм байна. Гэсэн ч дахин гурав дахь удаагаа виз хүсчээ.
Энэ талаар багийнхан “Хэрэв биднийг батлан даах ямар нэг том компани болон төлөөлөх холбоо байсан бол ийм асуудал гарахгүй байсан” хэмээн ярьсан юм. Одоогоор олон нийтийн сошиал хуудсуудаар “TheMongolZ” багийг дэмжиж, виз олгохыг хүссэн олон залуус нэгдээд байгаа ажээ.