Оросын зөнч лам Авелийн зөгнөл шуугиан тарьж эхэллээ. I Александр, I Николай хаадын үед аж төрж байсан Авель ламтан олон, гайхалтай зөгнөл айлдсан нь биелсэн. Францын жанжин Наполеон дайн өдөөхөөс 10 жилийн өмнө Авель лам зөгнөсөн байдаг. Мөн Оросын олон эзэн хаадын үхлийг, мөн хааны угсааныхны аймшигт хувь заяаг ч тэр урьдаас хэлж сэрэмжлүүлжээ. Үнэн зөв, биелдэг зөгнөлөөс нь болж тухайн үеийнхэн Авель ламтнаас айж, бас шүтэн биширч байлаа. Оросын Цагаан хааны эхнэрийг өнгөрнө гэж хэлсний төлөө түүнийг цөлж байв, бас дараа нь тэр I Павел хааныг богино хугацаанд хаан суухыг ч зөгнөжээ.
Ламтан манай өнөө үеийн талаар ч өгүүлсэн байдаг. Авель лам “2015-2016 онд Орос орны алдар цуу цуурайтаж, оюуны сэргэн мандалт тохионо” хэмээжээ. Түүний зөгнөл одоо дахин шуугиан тарих болсон нь ойрын ирээдүйд дэгдэж болзошгүй дайнтай холбоотой. “Гэвч 2024 онд дайн дэгдэнэ, шинэ Бат хаан толгойгоо өндийлгөж, Орос луу нударгаа далайна. Гэхдээ Оросын хүч эргэн сэргэсэн тул Бат хаан тэсэхгүй, дарагдана” гэж Авель ламтан айлджээ. Орос ламын зөгнөсөн шинэ Бат хаан хэн бэ? Орчин үеийн нөхцөл байдлаас үзэхэд, манайхан дайн дэгдээхгүй нь баталгаатай. Харин европчуудын хувьд азийнхан бүгд төстэй гэдэг үүднээс авч үзвэл Авель ламтны зөгнөлийг “2024 онд Хятад ба Оросын хооронд дайн дэгдэнэ” гэж тайлж болох юм. Харин та юу гэж бодож байна?
эх сурвалж: www.mnews.mn