АСЕМ-ын Мэдээллийн төвийг нээх арга хэмжээ МОНЦАМЭ агентлагийн байранд боллоо. Энэ төв нь АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, түүнийг угтаж зохиогдох дагалдах хурлуудын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх зорилготой юм. Харин АСЕМ-ын Дээд түвшний хурлыг сурвалжлах дотоод, гадаадын сэтгүүлчдэд зориулсан “Хэвлэлийн төв”-ийг “Шангри Ла” зочид буудалд байгуулах аж.
Мэдээллийн төвийг нээх үеэр хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгээр АСЕМ-ын уулзалтын төлөө сэтгүүлчид дуу хоолойгоо нэгтгэж, дэлхийн хэмжээний үйл явдлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад нэгдмэл байр суурьтайгаар үнэн зөв мэдээлэл түгээж, улс орныхоо нэр хүндийг өргөх үйл хэрэгт хувь нэмэр оруулан хамтран ажиллах болно гэдгээ бататгав.
Санамж бичигт АСЕМ-ын БАА-ны дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Өдөр тутмын сонины холбооны эрхлэгч Б.Ганболд, Мэдээллийн тэргүүлэгч сайтуудын холбооны тэргүүн Г.Саруул, Монголын телевизүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Д.Бадамдаш, Монголын сайтуудын холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар гарын үсэг зурлаа.