Даваа гараг бүр болдог Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-ийн өчигдрийн хурлыг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалан хийлгэв. Өчигдрөөс ажилдаа орсон Ерөнхий сайд болон яамдын сайд нар энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг”-т үзэгдсэнгүй. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирсэн энэ удаагийн хуралд уламжлал ёсоор ганцхан эмэгтэй дэд сайд хүрэлцэн ирсэн нь Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа байв. Энэ удаа Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан Шадар сайд Д.Тэрбишдагвын асуултад хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл хийснийг хүргэж байна.
-Өнгөрсөн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар танай яамны мэдээллийг сонсож, дараагийн хуралд тодорхой мэдээлэл хийх үүрэг өгсөн. Энэ үүрэг, даалгаврын дагуу долоо хоногт ямар ажил хийж амжуулснаа тодорхой тайлбарлана уу?
-Түрүүчийн хурал дээр Шадар сайдын зүгээс манай яамны цаг үеийн ажлаас гадна “Чингис бонд”-оор санхүүжүүлэгдэж байгаа төслүүдийн явц, үр ашгийн талаар дараагийн хурал дээр тодорхой мэдээлэл хийх үүрэг өгсөн. Үүний дагуу мэдээлэл хийе. Засгийн газрын энэ оны 126, 141 дүгээр тогтоолуудаар манай салбарт нийтдээ 172.4 сая ам.долларын санхүүжилтийг таван чиглэлийн үйлдвэрлэлд зориулан “Чингис бонд”-оос олгох шийдвэр гаргасан. Тодруулбал ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 68.8 сая, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27.7 сая, өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад зориулж 17.4 сая, ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 45 сая, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 13.5 сая ам долларын хөрөнгийг тухайн үйлдвэрлэлүүдийн тоног төхөөрөмж, бусад шаардлагатай материалыг худалдан авахад зориулан шийдвэрлэсэн. Эдийн засгийн хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан “Хөрөнгө оруулалтын зорилгоор гаргасан Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын дагуу манай яаман дээр дээрх таван төслийн нэгжүүдийг байгуулан ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд ажилдаа орсон төслийн нэгжүүд чинь ямар ажил амжуулаад байгааг салбар салбараар нь дэс дараатай танилцуулах боломж байна уу?
-За. Ноолууран бүтээгдэхүүний төслийн нэгж нь “Чингис бонд”-оос тоног төхөөрөмжийн зээл авах хүсэлт гаргасан 40 гаруй компанийн үйл ажиллагаатай танилцаад одоогийн байдлаар шаардлага хангасан 15 үйлдвэрийн төслийг шалгаруулан Хөгжлийн банкинд материалыг нь хүргүүлээд байгаа. Ноосон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслийн нэгж нь “Монгол ноосон даавуу” төслийн сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн 70 гаруй компанийн төсөлтэй танилцаад өнөөдрийн байдлаар 32 төслийг шаардлага хангасан гэж үзэн Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах төслийн нэгж нь “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай ТШ-13” төсөл сонгон шалгаруулалтаа зарлаж, үүний дагуу Улаанбаатарт 17, орон нутагт 9, нийтдээ 26 аж ахуйн нэгжийн төслийн нэгжийг хүлээж авсан. Мөн хүлэмжийн аж ахуйгаар Европод тэргүүлэгч, Голландын компаниудтай холбоо тогтоон ажил эхлээд явж байгаа. Голландын эхний компанийн төлөөлөгчид монголд ирээд ажлаа эхлээд байна. Удахгүй энэ төсөлд хамрагдсан манай аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл Голландад очиж туршлага судлахаар явна.
Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслийн нэгж нь хамрагдсан компаниудынхаа төслийг авч бүрэн танилцсан. Тэдгээрээс 10 аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулаад Хөгжлийн банкинд хүргүүлсэн байгаа. Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслийн нэгжийн ажил дотроо гурван хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт сүү хүлээн авч боловсруулах томоохон үйлдвэрүүд хамрагдана. Дараа нь сумдын түвшинд малчдын сүүг хүлээж авах бага оврын үйлдвэр цех, гуравдугаарт нь өндөр ашиг шимтэй үхэр сүрэг гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа юм. Эцэст нь боловсруулах үйлдвэрийн чиглэлээр “Поликом”, “Хаан ембүү”, “Хаан сүү” гэсэн төслүүдийг сонгон шалгаруулаад Хөгжлийн банкинд хүргүүлээд байна. Одоогоор Хөгжлийн банк эдгээр төслөөс хамгийн үр ашигтай, тогтвортой үргэлжлэх нь сонгон шалгаруулах шатандаа явж байгаа гэсэн мэдээллийг манайд өгсөн.
-Өндөр ашиг шимтэй үхэр сүрэгтэй болох төслийнхөө талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн үнээний фермийн цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэх “ТШ-1305” дугаартай тендерийн сонгон шалгаруулалт зарласан. Үүнд 36 аж ахуйн нэгж төслөө ирүүлснийг хүлээн авч одоогийн байдлаар аж ахуй нэг бүрээр нь төслийн нэгж үнэлгээ хийн шалгаруулж байгаа. Энэ ажилд сүүний фермерийн аж ахуй эрхэлдэг төв холбоотой нягт хамтран ажиллаж байна. Сумдын түвшинд сүү боловсруулах цех байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “ТШ-1306” тендерийн сонгон шалгаруулалт явуулж дууссан. 2013 оны зургаадугаар сарын 15-наас найман сарын 15-ны хооронд төслүүдээ хүлээн авахаар зарласны дагуу тэдгээрийг хүлээн авч байгаа. Мөн сүүний үнээ, үйлдвэр, цехийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр саналаа ирүүлсэн ОХУ, Украйн, Франц, ХБНГУ, Голланд, Япон зэрэг улсуудын аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоон тоног төхөөрөмжийн болон үнийн саналыг нь хүлээн аваад судалж байна.
-Эдгээр төслүүдийн санхүүжилтийн өнөөдрийн байдал ямархуу байгаа вэ?
-“Чингис бонд”-оос санхүүжүүлэх эдгээр төсөл хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй тулгарч байгаа дутагдал бол байгаа. Яагаад гэвэл “Чингис бонд”-оос гарах санхүүжилт ам.доллараар батлагдсан. Тэр нь тодорхой хувийн хүүтэй. Манай хөдөө аж ахуйн салбарын хувьд маш олон зээлдэгчтэй. Энэ нь өнөө олон фермер, жижиг дунд үйлдвэр, газар тариалан эрхэлж байгаа тариаланчдаа хэлээд байгаа хэрэг л дээ. Ингээд зайлшгүй мэргэжлийн холбоодтой харилцах асуудал тулгардаг болохоор Хөгжлийн банкныхан энэ ажилд ихээхэн цаг зав, судалгаа зарцуулж, үүнтэй уялдан тодорхой хугацаа алдаж байгаа тал бий. Мөн зарим эргэн төлөгдөх зээлийг арилжааны банкаар явуулах шийдвэрийг Ерөнхий сайд өгсөн. Харин арилжааны банкууд “Чингис бонд”-оос аж ахуйн нэгжүүдэд тавих хүүгээ нэлээд өндөр тогтоогооод байгаа учир бид тэдэнтэй хэл амаа ололцох гэж багагүй цаг алдаж байна. Иймэрхүү тодорхой шалтгаануудын улмаас эдгээр ажлын санхүүжилт тодорхой хэмжээгээр удаашраад байгаа боловч ерөнхий дүнгээрээ давгүй үзүүлэлттэй урагшилж байгаа гэж дүгнэж болно. Бас анх удаа улс орныг хамарсан ийм томоохон үйлдвэржилт, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа болохоор туршлага дутах, мэдэхгүй чадахгүй зүйл тохиолдох бэрхшээл тулгарч байгааг хэлэх хэрэгтэй.
-Газар тариалангийн өнөөдрийн байдал ямархуу янзтай явж байна?
-Энэ жил газар тариалангийн гол бүс нутгуудаар хур бороо элбэг, газрын чийг сайн байгаа. Харин гол хүндрэл нь энэ зуны хувьд шөнөдөө +13 градусаас дээш температуртай хонохгүй байгаа тул ялангуяа улаан буудайн болцны асуудал жаахан сэтгэл зовоож байгаа. Одоогоор тариан түрүү нэлээн намхан байна. Гэхдээ цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ наймдугаар сарын эхний 15 хоног нэлээд халуун байх төлөвтэй нь улаан буудайн болцод эерэгээр нөлөөлөх байх гэсэн дүгнэлт хийж байгаа. Газар тариалангийн бусад ургамал, хүнсний ногооны хувьд ямарваа хүндрэлгүй байна. Төмс, хүнсний ногооны хувьд энэ жил дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой.
-Засгийн газраас шийдээд өгсөн 253 тэрбум төгрөгийн санхүүжилт бүрэн хийгдэхгүй байгаа хариуцлагыг танай яам хүлээх юм уу, Хөгжлийн болон арилжааны банкууд хүлээх хэрэг үү?
-Манай яамны хувьд Засгийн газраас батлаад өгсөн мөнгийг тухайн салбаруудад нь яаралтай шийдэн өгч, урин дулааны улиралд бүтээн байгуулалтын ажилд нэг өдөр ч алдахгүй байх бодлогыг хатуу баримтлан ажиллаж байгаа. Товчхондоо тухайн мөнгийг гаргаж өгөх ёстой банкууд манай яамны ажлаас шалтгаалан нэг өдөр ч алгуурлах нөхцөл байхгүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам хийх ёстой ажлаа хийсэн. Одоо харин Хөжлийн болон арилжааны банкууд л ажлаа түргэвчлэх шаардлагатай болоод байна.